Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан ой, хээрийн түймрийн асуудлаар мэдээлэл сонслоо.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна. Мөн Хушаат болон Дархан-Уул аймгийн иргэд түймэр унтраах ажиллагаанд идэвхтэй оролцож, хүч нэмэгдүүлж байгаа юм.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Ц.Ганзоригийн мэдээлснээр, галын голомтыг цурманд оруулах ажлыг алба хаагчид гүйцэтгэж байгаа боловч түймэр гарсан бүс нутагт салхи 12 м/с хүртэл ширүүсч байгаа нь галын тархалтыг нэмэгдүүлж, цурманд орсон түймэр дахин асах эрсдэл дагуулж байгааг онцолжээ.
Эх сурвалж: ОБЕГ