Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян дархан аварга, зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолборыг Увс аймгийн төв Улаангом хотын Спортын төв ордны өмнө 2015 оны долдугаар сард, Увс аймгийн 90 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Хөшөөг Увс аймгийн Хяргас сумын харьяат залуу уран барималч Б.Говьсайхан урлажээ.
Хөшөөний суурь нь бөмбөрцөг хэлбэртэй бөгөөд эргэн тойронд нь арслан, заан, хангарьд зэрэг хүчтэнүүдийг бэлгэдсэн баримал байрлуулсан байна. Увсын ард түмэн алдарт аваргаа амьд сэрүүн ахуйд нь сүрлэг хөшөөг нь босгосон бөгөөд энэ цагаас хойш улсын баяр наадмын ихэнх түрүү, үзүүрийг Увсын бөхчүүд хүртэж байгааг бэлгэшээдэг юм.
Энэ онд Х.Баянмөнх аваргын хөшөөний арван жилийн ой тохиож байна. Тэрбээр 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982 онуудад Улсын баяр наадамд нийт 10 удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэн, 27 удаа шөвгөрсөн амжилтаараа Монгол бөхийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн билээ. Мөн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр мөнгө, нэг алт хүртэж, 1972 онд Мюнхений олимпоос мөнгөн медаль хүртсэн юм.
Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ, Монголын үндэсний бөхийн холбоо