Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт, Эг, Сэлэнгийн бэлчир орчимд байрлах Эгийн голын усан цахилгаан станцын (УЦС) төслийн талбайд ажиллаж байна.
Эгийн голын УЦС нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Дэлхийн өвийн хороо, Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооноос төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй болохыг тэмдэглэж, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах шаардлагатай гэж чиглэл өгсөн байна.
Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн техник эдийн засгийн үзүүлэлтийн нэмэлт судалгааг хийж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэлийг хангах юм. Монгол-Оросын экспертүүдийн хамтарсан ажлын хэсэг 2026 оны эхний хагаст эцсийн дүгнэлтээ гаргахаар тохиролцжээ.
Мөн Ерөнхий сайд орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой байгалийн аялал жуулчлалын “Хантай” цогцолборын ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсан байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар
Сэтгэгдэл (1)