Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн тэргүүлсэн Либерал нам сонгуульд тэргүүлж байгаа талаар тус улсын CTV болон CBC News мэдээлжээ. Санал хураалт дууссан ч баруун нутгийн Бритиш Колумб мужийн санал авах байрууд хамгийн сүүлд хаагдсан тул сонгуулийн эцсийн дүн тэндээс шалтгаалах юм.
Одоогийн байдлаар Либерал нам 343 суудлаас 133-ыг авч тэргүүлж байгаа бол Консерватив нам 93 суудалтай яваа бөгөөд олонх болох шаардлагатай 172 суудлыг хараахан авч чадаагүй байна. Энэ нь Ерөнхий сайд асан Жастин Трюдогийн огцрохоос өмнө унаад байсан Либерал намын нэр хүнд дахин сэргэсэн үзүүлэлт болж байна.
Ээлжит бус сонгуульд Канад даяар 29 сая орчим хүн саналаа өгсөн бөгөөд 7.3 сая хүн урьдчилж саналаа өгсөн нь дээд үзүүлэлт болжээ. Тус улс зургаан цагийн бүстэй тул санал авах байрууд нээгдэх, хаагдах хугацаа харилцан адилгүй байв.
Одоогийн Ерөнхий сайд Марк Карни Консерватив намын Пьер Пойлевретэй өрсөлдөж байна. Тус улс амьжиргааны өртгийн өсөлтөөс үүдэлтэй хямралтай нүүр тулж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах сүрдүүлэг Канадын эдийн засагт дарамт учруулж магадгүй байгаа юм. Канадын экспортын 75 хувийг АНУ эзэлдэг тул хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх амлалтыг хоёр нэр дэвшигчийн аль аль нь дэвшүүлжээ.
Д.Трамп Канадыг АНУ-ын 51 дэх муж улс болгох тухай мэдэгдэл хийсэн нь Канадын сонгуулийн уур амьсгалд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Харин Марк Карни болон Пьер Пойлевре нар хоёул энэ санааг эрс няцаасан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчид Канадын сонгуульд оролцохгүй байхыг уриалжээ. Канадчуудын олонх нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх, өмнөд хөршид амралтаа өнгөрүүлэх төлөвлөгөөгөө цуцлах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: DW