Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг өнөөдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд, инженерүүдтэй уулзаж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа.
Одоогоор Монгол Улсад цахилгаан болон дулааны эрчим хүчний салбарыг нэг хуулиар зохицуулдаг бол олон улсын нийтлэг жишгээр эдгээрийг тус тусад нь зохицуулдаг. Иймд ажлын хэсгээс цахилгаан, дулааны эрчим хүчний тухай хуулиудыг бие даалган боловсруулах шаардлагатай гэж үзэж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, инженер Х.Эрдэнэчулуун танилцуулсан бөгөөд нийт 15 бүлэгтэй энэхүү төсөлд салбарын бодлого, төлөвлөлт, төр, захиргааны болон дулаан хангамжийн байгууллагуудын эрх, үүрэг, сүлжээний үйл ажиллагаа, үнэ тариф, хөрөнгө оруулалт, хэрэглэгчийн эрх үүрэг зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан байна. Хуулийн төсөл нь дулааны салбарын бие даасан байдлыг хангаж, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэх юм.
Төслийн хэлэлцүүлгийн үеэр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд, инженерүүд саналаа илэрхийлж, хуульд хэрэглэгчийн төлбөрийн систем, шугам сүлжээний өмчлөл, хөрөнгө оруулалтын нөхөн төлөлт, техникийн нөхцөл, хамгаалалтын зурвасын зохицуулалт зэрэг асуудлуудыг тусгахыг онцлон зөвлөсөн байна. Мөн сүлжээний алдагдлыг бууруулах, тоолуурын баталгаажуулалт, хамгаалалтын зурвасын эрх зүйн зохицуулалт зэрэг тодорхой саналуудыг гаргасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнэ тарифыг өртөгтэй уялдуулах зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа онцоллоо. Түүнчлэн эрчим хүчний хангамжид хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэхийг тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар