Йордан улсын Амман хотод энэ сарын 19-30-нд болж буй сонирхогчдын боксын 15 болон 17 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны 405 тамирчин (хөвгүүдийн 250, охидын 155) оролцож байна. Манай улсаас Р.Жоланман, Ж.Бат-Отгон нарын удирдлага дор долоон тамирчин хүч үзэж байгаа бөгөөд хоёр тамирчин медалийн болзол хангаад байна.
Хөвгүүдийн 75 кг-ын жинд өрсөлдсөн Т.Даваажав хүрэл медалийн эзэн боллоо. Харин охидын 46 кг-ын жинд хүч үзсэн А.Алтанзул алтан медалийн төлөө шалгараад байна. Тэрбээр финалын тулаанд Энэтхэгийн тамирчинтай тулалдана. А.Алтанзул өмнө нь залуучуудын УАШТ-д хоёр удаа, өсвөр үеийн УАШТ-д мөн хоёр удаа алтан медаль хүртэж байсан амжилттай тамирчин гэдгийг Биеийн тамир, спортын улсын хороо мэдээлжээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо