Дэлхийн "Дархлаажуулалтын 7 хоног"-ийг 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг. Халдварт өвчин, түүнээс сэргийлэх вакцины ач холбогдол, товлолын дагуу цаг хугацаанд нь бүрэн хамрагдахын ач холбогдол, хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулах шаардлагын талаар талаар иргэд, олон нийтэд нотолгоотой, үнэн зөв мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Энэ жилийн арга хэмжээг “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 2025 оны дөрөвдүгээр сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улс дархлаажуулалтад 2010 онд 2.6 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 23.3 тэрбум төгрөг болж 9 дахин нэмэгдсэн байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэж, вируст гепатитын өвчлөл, сүрьеэгийн тохиолдлыг бууруулсан байна” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.Товлолын дархлаажуулалтад хамрагдаж 13 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.
Эрүүл мэндийн яам