Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг "Монгол генералын өдөр" болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалтай. Энэ жилийн Монгол генералын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төрийн есөн хөлт цагаан тугнаа генералуудыг хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улсад анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал цол олгосон түүхтэй.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, генералуудыг Монголын цэрэг, арми, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, сүр хүч, амьд түүх, алдар гавьяаны эзэд хэмээн тодорхойлж, тэдний туулсан замнал, туршлага мэдлэг, эх оронч зүтгэлд гүн талархал илэрхийллээ. Мөн өнөөдөр төрийн тусгай албаны удирдах дээд албан тушаалыг хашиж буй 33 генерал байгааг онцлоод, генералуудад төр, цэрэг арми, ард түмэн нь гүн хүндэтгэлтэй ханддаг болохыг тэмдэглэв.
Монгол Улсын төр засгаас генерал цолыг бий болгож, олгож эхэлснээс хойших 81 жилийн хугацаанд нийт 230 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл, чөлөөнд болон ажиллаж байгаа 129 генерал цолтон байна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар