Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эрхэмсэг ноён Ү Вон Шиг болон түүний төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг урьж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Мөн Үндэсний Ассамблейн даргын айлчлалд УИХ онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.
Д.Амарбаясгалан хоёр улсын өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааг дүгнэн, хууль тогтоох байгууллагуудын харилцаа, парламентын бүлэг, Байнгын хороодын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан нөхөх байдлаар өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг хоёр улсын улс төрийн итгэлцэл, эрх зүйн үндэс батжин бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийг зорьж буйгаа нотлов. Тэрбээр эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулах, хүмүүнлэгийн салбарт монгол иргэдэд визний нөхцөлийг сайжруулах чиглэлд Үндэсний Ассамблейн зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Талууд хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар