Японы томоохон компаниудын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь энэ онд бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь үнэ өснө хэмээн NHK мэдээлжээ. Тэдний олонх нь түүхий эд, эрчим хүч, ажиллах хүчний зардал нэмэгдэж байгааг дурджээ.
NHK телевиз 100 компанийг хамруулсан уг судалгааг 12 дугаар сарын дундаас нэгдүгээр сарын дунд үе хүртэл явуулснаас 68 компани хариу илгээсэн байна.
Судалгаанд оролцогчдын 84 хувь нь энэ онд ерөнхийдөө үнэ нэмэгдэх төлөвтэй байна гэж хариулжээ. Харин 15 хувь нь одоогийн түвшиндээ хэвээр хадгалагдана гэж найдаж байгаа бол үлдсэн 1 хувь нь буурна гэж таамагласан байна.
Судалгаанд оролцогчдоос яагаад ингэж таамаглаж байгаа талаар нь лавлаж, олон хариулт өгөхийг зөвшөөрчээ. Ингэхэд түүхий эд, эрчим хүчний үнэ өсөж байгааг хамгийн олон компани онцолжээ. Үүний дараа цалингийн өсөлт болон бусад ажиллах хүчний зардлыг санхүүжүүлэх шаардлагатай болж байгааг тэмдэглэсэн байна.
Мөн үнэ хэвээр хадгалагдана эсвэл буурна гэж таамаглаж буй компаниудаас шалтгааныг нь тодруулахад, үнийн өсөлтөөс үүдэн үйлчлүүлэгчээ алдах, үнээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратеги боловсруулах, үйлдвэрлэлийн тогтолцоог шинэчлэх замаар зардлын өсөлтийг шингээх зэргийг дурджээ.