АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн (ХНС) ахлах зөвлөх асан Жон Рожерс-ийг Хятадын талд худалдааны нууц мэдээлэл дамжуулсан гэх хэргээр баривчилсан талаар тус улсын Хууль зүйн яам мэдээллээ.
63 настай Рожерс 2010-2021 оны хооронд ХНС-гийн олон улсын санхүүгийн хэлтэст ахлах зөвлөх-өөр ажиллаж байх хугацаандаа Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой этгээдүүдэд нууц мэдээлэл дамжуулж байжээ.
Нууц мэдээлэл дамжуулсан байдал
- 2018 оноос хойш хувийн и-мэйл хаягаар дамжуулан эсвэл Хятад руу аялж, хэвлэсэн баримт авч явдаг байсан.
- Нийтэлж амжаагүй нээлттэй зах зээлийн хорооны хэлэлцүүлэг болон шийдвэрүүдтэй холбоотой мэдээллийг задруулсан.
- Хятад дахь их сургуулийн багшлах албан тушаалын нэрийн дор тагнуулын байгууллагын төлөөлөгчидтэй зочид буудалд уулзан мэдээлэл дамжуулдаг байсан.
- 2023 онд Хятадын их сургуульд профессорын албан тушаал авч, 450 мянга орчим ам.долларын шагнал хүртсэн.
АНУ-ын Хууль зүйн яам эдийн засгийн тагнуулын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд бүх арга хэрэгслийг ашиглана гэж мэдэгджээ.
Эх сурвалж: NHK