УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болов.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан талаар танилцууллаа. Уг хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх, эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасны дагуу яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэсэн дээрх хуулийн төсөлд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмэхээр тусгасан байна.
Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний 50 нь буюу 71.4 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.