x

​​​​​​​“Ардтүмэн” хэмээх нохойд барьдаг мод

Олон утгат “ардтүмэн”

“Ардтүмэн” гэхээр энэ үгийг бид хэрхэн ойлгодог вэ? Аль нэг улс орны хүн ам:, Хэл соёл гэх мэт шинжээрээ нийтлэг угсаатан:, Нэг газар цугласан олон хүн:, Суртал ухуулга мэтэд хамрагдаж буй үзэгч уншигч хэрэглэгч нарын олонлог:, Аль нэг шашинд шүтэгч сүсэгтнүүд. Эдгээрийн алийг нь ч “ардтүмэн” гэж нэрлэж болно.

Улстөрийн ардтүмний салаа утга

Гэтэл улс төрийн хэллэгт “ардтүмэн” гэх нь дор хаяж хоёр үндсэн ойлголт агуулдаг: 1. Улс төрийн шинжит олон түмэн. Энэ нь нийгэм гэдэгтэй адил. 2. Нийгмийн доод давхрага. Энэ нь ардууд, масс, олон түмэн гэдэгтэй ижил. Ардтүмэн гэсэн ухагдахуун нь ардчилсан тогтолцоонд маш чухал байр суурь эзэлдэг ойлголт юм, учир нь энэ нэршлээр төрийн эрх мэдлийн суурь үндсийг илэрхийлдэг. Улстөрчид, улс төрийн нам, оюунтнууд “ардтүмний хүсэл эрмэлзлэл” гэдгийг янз бүрээр томъёолдог. Чухамдаа ийм нэгдсэн ойлголт үгүй учраас энэхүү “хүсэл эрмэлзлэлийг” хэрхэн хэрэгжүүлэх талаар улс төр судлаачид, философичид, улстөрчдийн дунд маргаан тасардаггүй. Улс төрийн ухаанд хэлэгдэх “ардтүмэн” гэдгийг угсаатан судлал, антропологи, соёлд хэрэглэгддэг угсаатны бүлэг гэдэг утгаас нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тухайн орны хүн ам гэдгээс ч ялгаатай.

Ардтүмэн хэмээх нь яг оносон нэгэн утгат ойлголт биш. Янз бүрийн хэлэнд (англиар. People, германаар. Volk, францаар. Peuple, оросоор. Народ, хятадаар Жэньмин) ардтүмэн гэсэн тодорхойлолт нь соёл түүхийн ялгаанаасаа болоод зөрөөтэй утгатай. Эртний Герегт дэмос гэдэг нь зөвхөн тухайн улсын чөлөөт иргэдийг хэлэх ба үүнд доодос багтахгүй. Дэмокрац гэдэг нь бүх иргэд төрийн эрх мэдэлд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг нийгмийн байгууламжийг хэлнэ. Дэмос нь тодорхой яг таг утгагүйгээс болоод Аристотэл үүнийг олигархийн ба үүнийг эсэргүүцэгч гэж хоёр ангилсан байдаг. Эндээс латин хэлэнд мөн л олон утгат “популус” гэсэн үг гарсан нь тэр чигээрээ орчин үеийн улс төрийн хэллэгт орж иржээ. Европ нь угсаатан, соёлын хувьд нэгдмэл шинжтэй байсан болохоор ардтүмэн гэдэг нь хоорондоо ижил ойлголт буй болгож. Гэтэл англосаксончуудын хувьд people (улстөрийн нэгдэл), nation (угсаатан-соёлын нэгдэл) нь хоорондоо шал өөр ойлголт агуулдаг. Европ хэлний ардтүмэн гэсэн ойлголт нь нэгдмэл үзэл санааг илэрхийлдэг бол англи хэлний “пийпл” нь хүмүүсийн олонлогийг хэлнэ.

Монгол хэлний ардтүмэн

1920 оноос өмнө ийм нийлэмж үг монгол хэлэнд байгаагүй байхаа. Юутай ч хуучны ном сударт тааралддаггүй. Дуучин Жавхлангийн хэлээд буй “түмэн олон”, ”олон түмэн” гэсэн үг өнөөгийн ардтүмэн гэсэн ойлголтыг илэрхийлдэг байсан болов уу. Урьдын цагт язгууртныг цагаан ястан гэдэг байж. Үүнтэйгээ сөргөлдүүлэн язгуур угсаагүй нэгнээ хар яст гэх. Хар нь олон тоон дээр хард, явсаар “х” авиа гээгдэн ард буюу сурвалжит бус энгийн хүмүүн гэх утгатай үг гарсан. Язгуур угсаагүй нэгэн төрд алба хашвал “төрийн хар хүн” гэх. Үүнийг нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн агсны бичсэнээс дамжуулж байна. 

Хятадын гамин цэргийг хөөж гаргах зорилго бүхий бүлгэмүүд 1920 онд байгуулагджээ. Бүгд Богд хааны ивээл дор. Гэвч цагаан, хар ястнууд холилдон зиндаа болдоггүй тэр үеийн дэг журмаар Ноёд, Ард, Төрийн харчуул буюу Түшмэд гэсэн гурван тусдаа бүлгэм буй болов. Бүлгэм буюу дугуйлан гэх нь өнөөгийн хэллэгээр улстөрийн нам юм. Хүрээний большевик орсуудаар дамжуулан нууц дугуйлангууд тэдэнтэй холбогдсон байна. Ард буюу язгуур угсаагүй хүмүүсийн бүлгэмийн нэр большевик хүнд “малчин пролетари” гэх маягтай ойлгогдож Түшмэдийн ба Ардын дугуйланг нийлбэл туслана, гэхдээ нэр нь Монголын ардын хувьсгаалт нам нэртэй болох ёстойг “зөвөлжээ”. 1921 онд Троицкосавскт болсон зөвлөлгөөнөөс тэднийг Монгольская Народно-Революцонная Партия гэж нэрлэх болсон нь тэрбайтугай жанжин Сүхбаатарын намын батлахын тамга дээр ч дурайж байгаа. “Арат” гэсэн шинэ нэршил энэ үеэс орос хэлэнд орж иржээ. Энэ нь монголын ядуу малчин гэсэн утга илэрхийлнэ. Мөн баячууддаа дургүй нэлээд хувьсгаалч шинжтэй. Үнэндээ монгол хэдний “ард” нь хөрөнгө чинээг илэрхийлдэггүй. Угсаа гарвалгүй ард эр баян ч байж болно (Тунгалаг Тамирын Итгэлт), үгээгүй нь ч байх. Ингээд олон ард нийлэхээрээ бөөнөөрөө “ардтүмэн” болж буй хэрэг. Энэ үгийг арай соёлтойгоор оросоор буулгавал “народ”. Уул нь народ-ын гарвалыг хөөвөл эртний слав хэлний үс цус нэгтэй овог отог гэсэн утгатай үгээс гарвалтайгаараа англи хэлний пийдл буюу хүмүүс гэдгээс язгуурын хувьд тэс өөр юм билээ. Соёл, түүхийн том ялгаа. Эдгээр үгсийн гарвал утгыг олон толь бичгээс шүүрдэн оллоо.

1924 онд батлагдсан анхны Үндсэн хуульд тусгаснаар энэ цагаас Монгол улсын санал өгөх эрхтэй жинхэнэ иргэд нь ардууд байх ба ардтүмэнд үл багтах хүмүүсийг ноёд, язгууртан, худалдаачид, тайж гэх мэтээр ялгаж өгсөн байдаг. Хожим их хядлагын өмнө хүн амын бүртгэлд “ард уу, тайж уу” гэх анкетний асуулт яс зоолттой байв. Энэ бүртгэлийг баримталж 1937-38 онд “ардтүмэнд” багтаагүй болгоныг буудан хороосон юм. Гэхдээ цагийн явцад өнөөгийн монгол хэлнээ “ардтүмэн” гэсэн үг нь дээр дурдсан пийпл, фолк, народ, жэньмин зэрэгтэй яг адил утга илэрхийлэх болсон. Мөн л олон утгатай, улстөрийн хэллэгт бүр салаа агуулгатай.

Төлөөлөх ардчилал дээр тогтсон ардтүмэн

Францын хувьсгалаас өмнө эрх мэдлийг Бурханаас үүдэлтэй, үүнийг нь хаан, эсвэл томилогдсон бүлэглэл хэрэгжүүлдэг гэсэн үзэл ноёрхож байв. Нийгэмүүд ардчилагдахын хэрээр эрх мэдлийн уг сурвалж ардтүмнээс үүдэлтэй гэсэн үзэл түгэн тархжээ.

Ардчилсан тогтолцооны үед “ардтүмэн” гэсэн нэрэнд улстөрийн утга өгөх гэсэн олон оролдлого гарсны дотор хамгийн дэлгэрсэн нь бүгд найрамдахын, социализмын, популизмын гэсэн хандлагууд байна. Эд бүгд хоорондоо тун их зөрөөтэй. Бүгд нйарамдахын тайлбараар ардтүмэн гэдэг нь янз бүрийн үзэлтэй хүмүүсийн нийтлэг хувь заяаныхаа төлөөх улстөрийн нэгдэл юм. Нийгмийн гэрээ буюу Үндсэн хууль нь хувь хүний төрийн эрх мэдлийг нийтлэг хувь заяанд шилжүүлэн ойлгох аж.

Зүүн үзэлтнүүдийн хувьд ардтүмэн гэдэг бол хөдөлмөрчид юм. Нийгэм улс төрийн тогтолцоог өөрчилснөөр ардтүмэн дарлалаас чөлөөлөгдөнө гэж үздэг. Популистуудын хувьд ардтүмэн гэдгийг мөн л нийгмийн доод хэсгийг нэрэлдэг ч тэднийгээ гол нь сонгогчид гэдэг талаас нь ханддаг. Иймээс тэд сонсоход таатай боловч амьдралд хэрэгжүүлэхэд бололцоогүй зүйлээр сонгогчдыг татахыг хичээнэ. Үндсэрхэг үзэлтнүүд ардтүмэн гэдгийг үндэсний угсаа гарвал, соёлоор нь ангилан үүнээ бусад үндэстний эсрэг сөргүүлэн тавьдаг.

Засаглалын үүдлийн асуудал орчин үеийн улс төрийн философийн нэг том маргаантай сэдэв юм. Ард түмний бие даасан байдал шууд л ардчилсан үзэл санаатай холбоотой байх албагүй. Төлөөллийн ардчилалд бүрэн найдах юм бол хүмүүс үнэн хэрэгтээ улстөрд ямар ч нөлөөгүй болж энэ нь хаант болон дарангуйллын төрд ч ашигтай байж болныо. Гэтэл ардчилсан тогтолцооны үндсэн номлолоор ардтүмэн өөрийн итгэж сонгосон төлөөлөгчөөр дамжуулан улс төрийн амьдралд оролцож байх ёстой. Учир нь энэ тогтолцоог “ардтүмний төр” гэж тодорхойлдог. 

Хэрэв ардтүмэн гэдэг нь тодорхой бие хүмүүсийн олонлог юм бол хүсэл эрмэлзлэл нь санал өгөлтөөр тодроно. Гэвч энэ тодорхойлолт ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Ардтүмний тодорхой хэсэг нь санал өгөх хүсэлгүй, эсвэл бололцоогүй байж болно. Гэтэл тэдний хүсэл эрмэлзлэл улс төрийн зорилгод заавал тооцогдох ёстой. Яагаад гэвэл тэд “ардтүмний” нэг хэсэг. Мөн цөөнхийн үзэл бодол олонхидоо дарагдана. Эндээс үндэстний, шашины, бэлгийн цөөнхийн эрх ашиг гэж гарч ирнэ. 

Орчин үеийн нийгэм маш олон гишүүнтэй учир улстөрд шууд биечлэн нийтээр оролцох бололцоогүй. Иймээс ардтүмний хүсэл эрмэлзлэл нь санал асуулга, нийтийн асуулга зэргээр тодроно. Гэвч асуулгыг хэн ямар зорилгоор санаачилж хэрхэн явуулав гэдгээс хамаарч манипуляци болох магадлал өндөр. Ардтүмний хүсэл эрмэлзлэл гэдгийг гишүүн бүрээр нь аваад нийлүүлэхээр тодорхойлох бололцоогүй хийсвэр зүйл болдог. Иймээс ардтүмэн гэдэг бол чухам ард түмнээсээ урган гардаг эрх мэдлийн зарчим. Нэгэнт хийсвэр цугларал нийгмийн зорилго хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж чадахгүй учир сонгуулиар өөрийн төлөөлөгчийг гаргаж ирээд түүндээ хүсэл эрмэлзлэлээ даатгах юм. Үүнээс өөр нэг арга яригддаг нь зөвшлийн ардчилал буюу олон нийтийн дунд маргаан өрнүүлж харилцан завшилцөлд хүрэн шийдвэр гаргах. Энэ хувилбарыг сүүлийн үед гишүүн дарга Занданшатар их ярьж байгаа.

Өнөөгийн олон улсын мөрдөж буй зарчмаар аль ч ард түмэн өөрийн хувь заяа, улс төрийн чөлөөт тогтолцоогоо өөрснөө шийдэх Вильсоны зарчим. Гэвч ардтүмний хүсэл эрмэлзлэл гэдэг дээр тулаад маргаан гардаг.Юутай ч олон улсын мөрдөж буй дэг журмыг ардтүмний нэр барин зөрчиж болохгүй гэдэг дээр тогтсон.

Ардтүмэн бол манай 76 юм.

Тухайн улс орон, үндэстний хувь заяаг Бурхан биш ардтүмэн шийднэ гэсэн зарчим өнөөгийн ертөнцөд нийтлэг зарчим болжээ. Лалын зарим орныг эс тооцвол энэ зарчим наанатай цаанатай бүх дэлхийд баримтлах болсон. Төр гэсэн ойлголтод хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах инстүүц багтана. Уул санаа нь эдгээр гурван инстүүц тус болгондоо бие даасан байх ёстой. Төрийг бүх нийтийн сонгуулиар тодорхой хугацаатайгаар сонгоно. Улс орны хувь заяаг эдгээр инстүүцүүд шийднэ. Ардтүмэн төрийн шийдвэр гаргах инстүүцүүдэд суух төлөөлөгчийг өөрсдийн хүсэл эрмэлзлэл, үзэмжээр бие даан сонгоно. Учир нь ардтүмэн нийлж ярьж байгаад төрийн шийдвэр гаргах бололцоогүй. Ганц гаргах чухал шийдвэр нь өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг сонгох юм. Нэгэнт сонгосны дараа ардтүмний төрд нөлөөлөх оролцоо нь:хуулийн зөвшөөрсөн хэв хэмжээний дотор эсэргүүцлээ илэрхийлж жагсах, цуглах; чөлөөт мэдээллийн хэрэгслэл; эвлэлдэн нэгдэж Төрийн бус байгууллагаар дамжуулан эрх ашгаа хамгаалах гэх мэт. Энэ бол ардчилсан тогтолцооны үндсэн жишиг.

Гэвч дэлхий даяар энэ зарчмуудыг хэрэгжүүлэн ардчилсан тогтолцоо бүх газар биелсэн гэж хэлэх бололцоогүй. Олон оронд сонгуулийг булхайцдаг. Дээрээс томилсон ганц хүний төлөө өрсөлдөгчгүйгээр санал өгөх хэлбэр ч нэлээд газар бий. Шүүх, хууль тогтоох байгууллага нь холилдсон, аль нь ч бие даасан шинжгүй газар мундахгүй. Чөлөөт мэдээллийн хэрэгслэлгүй, эсвэл ардтүмэн эвлэлдэн нэгдэх эрхгүй газар зөндөө байна. Ихэнх оронд сонгууль болдог болсон боловч энэ нь ардчилсан тогтолцооны зөвхөн ганц элемэнт төдий. 

Монголд төлөөлөх ардчилал буюу бүх нийтийн сонгууль 1950 оноос хэрэгжиж эхэлжээ. Гэвч нэгдүгээрт ямар ч эрхгүй үзэмжийн ганц нэр дэвшигчийг ямар ч өрсөлдөөнгүйгээр тодруулах ба түүнийг нь ганц улс төрийн намын удирдлага нэр заана. Ардтүмнээ төлөөлөгч жилд ганц удаа хуралд суух боловч үнэн хэрэгтээ төрийн бүх шийдвэрийг мөнөөх ганц намын удирдлагад суух арваад хүн эцсийн шийдвэр гаргана. Сүүлдээ ганц хүн шийдвэр гаргах болсон.

1990 оноос, ялангуяа 1992 оны шинэ Үндсэн хуулиар төлөөлөх ардчилал төрийн ардчилсан тогтолцооны хувилбараар хэрэгжиж эхэлсэн юм. Гэвч төрийн ардчилсан тогтолцооны бараг бүх элементтэй мөртөө энэ орон яахаараа авилга хээл хахуульд идэгдэж, ардтүмэн нь төрдөө, төр нь ард түмэндээ итгэдэггүй болов? Бүхий л эрх мэдлийн уг сурвалж ардтүмнээс эх сурвалжтай гэсэн ардчилсан тогтолцооны анхдагч үндсэн зарчим үл хэрэгжиж, харин ч олигархийн төр, өдгөө бол криминал төртэй болчив? Монгол улсын Үндсэн хуулинд иргэдэд өмчлүүлснээс бусад баялаг болон нөөц ардтүмний мэдэлд байх ба төрийн өмч мөн гэж тунхагласан. “Мэдэлд” гэдэг нь ардтүмэн өөрийгөө төлөөлөх төлөөлөгчөөрөө дамжуулан шийдүүлнэ гэсэн үг. Төрийн өмч гэдэг нь мөнөөх ардтүмний төлөөлөгчид эдгээр өмчийг захиран зарцуулна гэсэн үг. Гэхдээ захиран зарцуулалт нь ардтүмний нүдэн дээр ил тод байна гэсэн үг. Ийм л утгатай зохиогдсон хууль. 

Гэтэл иргэдэд өмчлүүлэх нь дээрэм, Төрийн өмч нь ч дээрэм, захиран зарцуулалт нь ч дээрэм. Одоо Монгол улсыг бүлэг дээрэмчид удирдаж байна. Уг нь Үндсэн хуульд тодорхой бичсэн авч эрх мэдэлтэй болсон хэдийн өмч хөрөнгийн төлөөх алалдаан. 

Ерөөсөө ардчилсан төрийн тогтолцоонд орсон нь эхнээсээ буруу болсон тухай мянган тайлбар сонсдох. Тэгвэл төр нийгмийн ямар тогтолцоо руу шилжих ёстой тухай утга учиртай, боломж бололцоотой гарц хэн ч хэлдэггүй. Ардтүмэн л гэх. Хаа байна тэр ардтүмэн? Нохойд барьдаг мод гэгчээр хулгай дээрэм хийхэд ашигладаг нэр томъёо. Ардтүмэн гэж бий. Гэвч яг энэ байна, тэд ийм хүсэл эрмэлзлэлтэй байна гээд цохон заагаад бариад авах юмгүй, нэг талаасаа хийсвэр ойлголт. Ардтүмнийг төлөөлж буй, ардтүмнээсээ сонгогдсон, ардтүмний нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй 76 бодгал бий. Тэдэнд тийм эрх бий ч, тэд төлөөлж чадаж байна уу? Ардтүмэн хэмээгдээд байгаа хоёр сая орчим сонгогчийн хүсэл эрмэлзлийг төлөөлж чадаж байна уу? Чадаж байгаа бол хэдийнх нь эрх ашиг хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлж байгаа вэ? Сонгоод л маргаашаас нь хараал зүхэл. Бүр бүгдээрээ. Үндсэн хуульд заахдаа: Монгол улсад засгийн бүх эрх ардтүмний мэдэлд байна. Алдтүмэн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ эдлэнэ гэжээ. Ардтүмний эрхээ эдлэх ёстой сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаа хар даа. Гх…гх…гх… Тээр!

2017.10.20

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 1 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 1 цаг 35 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 58 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 22 цаг 25 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 22 цаг 47 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top