x

Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль

2024.10.10

2024 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлчийн хэдэн цаг, минут хурдалсаар замхран оджээ. Үдэш гудамжаар алхахад явган зам, булан тохой бүрт хоёр хавтсаар нь түшүүлж тогтоосон самбаруудыг хэдийнэ хураасан байв. Телевизийн дэлгэцээр нэр дэвшигчид харагдах нь цөөрсөөр сурталчилгаа үндсэндээ цагийн өмнө зогслоо. Хэн ч 00.00 цагийг тултал явсангүй. Зөвхөн гэрт орж ирсэн сурталчилгааны цааснууд нүдний өмнө хөглөрнө. Нийгмийн сүлжээнд хүртэл аядуу, “алалцаад” байгаа юм харагдсангүй. Наагуур цаагуур сонин ил далд бичлэг яриа цацагдав уу, бөмбөг тэсрэв үү гэж ийш тийш залгаж асуулаа. Үгүй гэнэ ээ.

Нэг.

Гуравхан сарын өмнөх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеийн “Улаанбаатараас ярьж байна”, “Зоригийн хэрэг”, “80-р микрофон” цувралууд, “Мэдээллийн ажилтан”, “Улаанбаатарын сонин” пэйжүүдийг эргэн санавал Ардчилсан намынхныг тэр чигээрээ авлигач, хулгайч, дээрэмчид, хэдэн дарга нь Санжаасүрэнгийн Зоригийн заналт дайснууд учраас аллагад ч хамаатай байж мэдэх юм шиг санааг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрөө толгойлон эрх чөлөө (худалдагдах) нь дэндсэн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн гараар сонгогчдын толгой руу зогсоо зайгүй шүрүүпдсэн бөлгөө. 

Харин санал хураалтын дүнгээр УИХ-ын суудлын яг гуравны нэг нь тэр муухай этгээдүүдэд очиж санаандгүй юм болов. Шоргоолж шиг олон наманцрууд дотор сөрөг хүчин хэмээх хуучин бууны ганц хугархай нь АН байж таарсан учраас тэр. Ингээд хоёр нам Их хурлын танхимд ороод ямар нүүрээр бие биенээ харах нь сонин санагдаж хүлээв. Лав Ардчилсан намынхан “Нотол, нотол л доо” хэмээн агсарч, барьцалдаж авах болов уу (үүний тулд парламент байдагсан) гэтэл тэгсэнгүй. “Улс, орны эрх ашгийг нэгдүгээрт тавина, бүтээн байгуулалт, том төслүүдэд саад хийхгүй, бас “ажил хиймээр байна” гэнэ ээ. Дарга болж эрх мэдэл авах хүсэл улс төрчдийг ийм уян зөөлөн, өрөвч, өршөөмтгий, ямар ч муухайг залгиж чаддаг болгодог ажгуу. Хажуугаар МАН, АН-ын дээр гарч ялна гэдэгтээ бүрэн итгэсэн ХҮН нам Засгийн газрынхаа бүрэн бүрэлдэхүүнийг зарлаж сагсалзсан ч шаварт сууж бүлэг ч байгуулж чадаагүй, гэхдээ Засагт “урилгаар” шургалж чадсан билээ.

Хоёр.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ер бусын … амтгүй өрнөсөөр өндөрлөв. Дээдчүүл нь Төрийн ордонд хөнжлөө олоод шургалж орчихоод байхад доодчуул нь тийрч сөхөхгүй байх командтай нь илт. Хэвлэл мэдээлэл сонгуулийн сэдвээр сэтгүүл зүйгээ унтраасан байв. Сурталчилгаа хийгээгүй болж харагдах, шүүмжилж байгаа юм шигээр магтах, асуулт дэвсэж өгөх арга ухаан төгсөрчээ. Өмнөх сонгуулийн дараа гурван сар “ичсэн” “Монгол коммент”-ийн М.Батбилэг ил гарахдаа өөр нэгэнтэй хос болсон байв. Арван сайтын сэтгүүлчид нэгдэлд элсэж Үндэсний эвслийн тэргүүн Нямтайширын Номтойбаярыг тойрч суугаад яриулсан нь бас нэг арга. МҮОНТ ба Тэнгэр телевиз мэтгэлцүүлсэн ч хэт хайрцаглаж, улиг болсон сэдвүүд, ихэнхдээ өөр өөр тойргийн нэр дэвшигчид учраас явсангүй. 

Харин энэ удаад “Женко” Баттулга нийслэлийн сонгуульд хөл, гараа шургуулсан сураг дуулдсан ч санасан болгондоо хүрч сарвайсан болгоноо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийг ч хамаагүй авч чаддаг, саяын Их Хурлын сонгуулиар хүний нутагт очоод нэгээр гарч чадсан түүний ид шидийг би лав орж харсангүй. Хүүхэд бүрт 30 мянган төгрөгийг олгож спортоор хичээллүүлэх бол арай л биш ээ

Гурав. 

Тэд өөрсдөө бидэн дээр хүрч ирдэг, урилга заллага үйлдэн урьж дууддаг, очвол баясан угтдаг, өөдөөс эгцлэн харж чаддаг, мөрөн дээр гараа зөөлөн тавиад дан зөвийг өгүүлж толгой нь зөвхөн дээш доош хөдөлдөг гайхалтай цаг хугацаа бол сонгуулийн сурталчилгааны арваад хоног байжээ. Тэр нь даанч дөнгөж сая дуусчихлаа. 

Маргааш санал хураалт. Нэгэнт мөнгө, чадал, эрх мэдлийн сонгууль учраас Улаанбаатарт бяр бяд нь багтаж ядсан МАН яаж ийгээд ялна. Тэртээ тэргүй нийслэлийн хамаг дарга нар тэдний өмнөөс нэр дэвшсэн. Жийрэг болж АН, ХҮН-ээс хэд орох байх. 45 хүнтэй ээлжит Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэлдэх нь. . 

Энэ мөчөөс эхлэн тэд төрөл арилжиж иргэдийн биш намын төлөөлөгчдийн хурал болон хувирна. Үүнийг би 2000-аад оноос хойшхи нийслэл, дүүргийн ИТХ-уудыг хөндлөнгөөссонирхдог, тэр дундаа онц эцсээр төсөв хэлэлцсэн хуралдаануудад олон удаа сууж ажигласан, одоо ч нийслэлийнхийг зурагтаар дамжуулахад заавал үздэгийн хувьд батална.

Тэд нийслэл ба тус тусын дүүргийн Засаг даргын тамгын газар, хэдэн арваар тоологдох харьяа агентлаг, сүүлийн жилүүдэд тоогоо алдсан орон нутгийн өмчит баахан компани, үйлдвэрийн газар, хүрээлэн, төсөл хөтөлбөрүүдийн дарга, захирлын суудалд очихоос эхэлнэ. Яваандаа элдэв ТУЗ, зөвлөл, ажлын хэсгийг буцаалдаж байгаад дүүргэнэ. Ингээд иргэд, сонгогчдын өмнөөс дарга нарыг хянахаар очсон хүмүүс маань өөрсдөө дарга болцгооно. 

Хариуцлага алга болно. Нийслэл, дүүргийн ИТХ бол нутаг дэвсгэрийнхээ газрыг мэддэг, хуваарилдаг, жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталж өгөөд хэрэгжүүлэх эрхийг Засаг даргад олгодог, энэ утгаараа УИХ, түүний гишүүдэд байхгүй онцгой эрхийг эдэлдэг. Тэгэхээр хотын газрын наймаа, авлига, түгжрэлийн эзэд нь бидний сонгосон ИТХ мөнөөс мөн. Туул, Дунд голын хамгаалалтын бүсийг ухрааж багасгасан тогтоолыг тэд баталж барилгаар дүүргэх эрхийг нээж өгсөн.

Өөрсдийгөө бол сайхан тордоно. Сүүлийн гучаад жилийн ИТХ-ын бүрэлдэхүүнийг харвалах нэр бүхий том компанийн захирлууд өөрсдөө, эсвэл ах дүү, илт төлөөний хүмүүсээ Хуралд оруулж байгаад хаана газар аваад ямар барилга, хотхоноор чигжсэнийг олж харахад түвэггүй. Иргэдээ төлөөлж хийсэн ажилдаа багтааж тайлагнаад явдаг шүү. “Тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн” ч гэх шиг. Жижиг сажиг авлигыг “төлөөлөгч хүсэлт тавьсан учраас” ногоон гэрлээр шийдүүлдэг. Сонгогчид хүсэн болоод явчихаж байгаа юм. Бүр “ИТХ-ын төлөөлөгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор” гээд өөрсөддөө эвтэй найртайгаар газар хуваарилж суухыг би дэргэдээс нь харсан.

Гэхдээ нийслэл, дүүргийн жинхэнэ эзэн бол Засаг дарга билээ. Сүүлийн хоёр Засаг дарга Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг дээрээс илгээж томилуулсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурал үүнийг зөвхөн баталж өгөх, цааш Засаг дарга дураараа дургихад хэрэгтэй тогтоол, шийдвэрийг дуулгавартай гаргаж өгөх төдий үүрэгтэй байна. Ноднин өвөл Урт цагааны асуудлаар нийслэлийн ИТХ-ийн хуралдаан дээр Засаг дарга Нямбаатарынхаа өмнө яаж яаж “гөлөг болох”-ыг би дэлгэцээр харсан. (Гөлөг бас хааяа хуцдагсан. Тэгээ ч үгүй). Зөвхөн ХҮН намын 3-4 гишүүн янз бүрээр асууж тайлбарлаж эсэргүүцсэн ч цөөхүүлээ тул хүчинд автаж дийлдсэн юм. 

Нэг хэсэг Тэргүүлэгчид хэмээх бүр онцгой эрхтэй хэдэн хүнд бүх эрхээ шилжүүлээд амиа хоохойлдог болсон байв. 

Миний мэдэх нийслэл, дүүргийн төлөөлөгч гэж гуя дагасан хүзүү шиг нөхдүүд сонгогдсоныхоо дараа ямар их зантай болдогийг яана. Дөрвөн жил огт үзэгдэхгүй, сураглахад олдохгүй. Дандаа “ажилтай байна”, “зав гарахаар”. Очиж очиж УИХ-ын гишүүдтэй яаж ийгээд уулзаж болдог шүү.

Дөрөв.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа МАН-ын зааснаар явчихжээ. Түгжрэлийг бууруулахын тулд метро, зам, гүүр, нийтийн тээвэр, бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтийг хэзээ яаж хийхийг тойрсон сэдэв. Гагцхүү тэд яг одоо нийслэлд эрх барьж байгаа болохоор хийж байгаа болон төлөвлөсөн ажлууд нь тэдний гарт байгаа бэлэн том хөзрүүд юм. Бусад намууд яаж ч тоглоод мэдээж унана. Нийслэлд МАН найман жил завсаргүй засагласан болохоор залуучууд нь хүртэл хурга, төлгөн дарга болж амжсан буюу “хийж бүтээсэн юм”-тай болж таардаг.

Улаанбаатарын гол асуудлын асуудал нь засаглал гэдгийг АН, ХҮН хоёр ойлгосонгүй. Ойлгож болохгүй гэж дээрээс үүрэгдсэн байж магад. Хэрвээ тэд эрх баригчдаас хариуцлага нэхсэн арай өөр хөзрөөр тоглосон бол? 

-Улаанбаатар хотын төвд яагаад өндөр барилга, орон сууцны хотхон хорооллуудыг үргэлжлүүлэн барьж зогсоо зайгүй чигжээд байгаа юм бэ? Бараг бүгд хууль дүрэм, барилгын норм стандартын зөрчсөн газрын болоод барилга барих зөвшөөрлийг цуцалж цэгцлэхгүй юм уу?

-Нийслэлийн төр, захиргааг Яармаг руу 100 тэрбумаар нүүлгэх хэрэг байсан уу? Хэрвээ хотын төвд суларсан байруудад өөр байгууллага хүмүүс орох бол энэ арга хэмжээ түгжрэл буурахад ямар нөлөө үзүүлэв?

-XX зуунд бүтээн байгуулсан Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн төв, Бага тойруугийн дүр төрхийг эвдэж хуучны байшин барилга болгоныг яагаад буулгаад байна вэ? Урт цагааныг буулгахын оронд сэргээн босгож болоогүй юм уу?

-Дунд голын сав дотор баригдаж байгаа “Авлига” хороолол буруу гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Яагаад шүүхэд хандсан нэр хэмээж, давж заалдахгүйгээр бууж өгөөд өдий хүрэв ээ?

-Улаанбаатар хотын олон улсын байгуулагуудаас авсан зээл болон бондын өр төлбөр 3 их наяд төгрөгт хүрчээҮүнийг төлөх бодлого, стратеги хаана байна?

-Улаанбаатарын утаа буураагүй, шахмал түлшнээс болж жилийн жилд хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Үүнийг тоолоод суухаа болиоч ээ.

-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ямар ч хууль журманд байхгүй “тойргийн мөнгө” гэж авдаг. Та үүнийг хүлээн зөвшөөрч байна уу?

Гэх мэтээр.

Нэг хэсэг албан тушаалтнууд сонгуулийн ажилд албаны унаагаар явахыг шүүмжилдэг байсан бол одоо ч цайрчээ. Харин нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд заавал тавих ёстой нэг асуулт бий. 

-Та хаана амьдардаг вэ?

Мэдээж, яг гэрийн хаяг буюу орон сууц, орц, хаалга, эсвэл гудамж, хашааны дугаарыг дэлгэж болохгүй, гэхдээ сонгогчидтойгоо хэр ойр амьдарч байгаа нь сонголт хийх нэг шалгуур мөнөөс мөн. Өнгөрсөн ИТХ-уудын бүрэлдэхүүнийг авч үзэхэд гэр хороололд амьдардаг хүн нэг ч гараагүй (харин Улсын Их Хуралд З.Баянсэлэнгэ гэж байсан), ихэнх нь гүүрнээс урагшаа оршин суугчид байжээ. Тэд дархан цаазат Богдхан уулын амууд, элдэв таун, кастл, гарден дахь тав тухаа алдан байж Дарь эх, Баянхошуу, долоон буудал, Чингэлтэйн төлөө зүтгэхийг чин сэтгэлээсээ хүсч буй нь сайн хэрэг, гэхдээ л ... 

Тав.

Монгол бол хавтгайрсан ардчиллын орон. Нийслэл, түүний есөн дүүрэг, 21 аймаг, түүний 330 сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 8000 гаруй хүнд сонгогддог. Бас нийслэлийн 204 хороо, хөдөөгийн 1600 гаруй тус бүрт иргэдийн нийтийн хуралтай, тэдний тэргүүлэгч хэмээх барагцаалбал нийт 9000-аад хүн байна. 

Иргэдэд ойр, өдөр тутмын аж амьдралын асуудлыг шийдвэрлэж өгдөг гэх, “сонгуулийн боловсрол”-оор тэгж сургадаг, үнэхээр тийм байх ёстой Иргэдийн төлөөлөгчдийн гэх хурлын ач холбогдол шалдаа бууж, өнөөдөр ирцийн босгогүй, тав арван хувь оролцсон ч хамаагүй хүчинтэйд тооцогдох, бусдаасаа нэг ширхэг санал илүүгээр сонгогдож мэдэх сонгуулийн санал хураалт маргааш болно. 

Хэнд ч хэрэггүй, юу ч шийдэхгүй, дараа нь бидний нэрийг барьж туйлж гарах, хэлэхлээр “яах гэж сонгосон юм” гэж чичлүүлэх, огт үнэ цэнэгүй ганц саналаа өгсөн болохоос доо.

Д.Цэрэнжав /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан, Сюзан Лаянс нар өргөтгөсөн уулзалт хийлээ 5 цаг 45 мин Ж.Чинбүрэн: Бүх эмийг жороор олгохоор хуульчилсан гэдэг бол ташаа ойлголт 6 цаг 30 мин Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов 7 цаг 19 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа 7 цаг 55 мин Нянгийн  «дуу» хөрсний үржил шимийг  нэмэгдүүлж, эвдрэлээс хамгаална 8 цаг 24 мин АНУ Тагнуулын төв газар дээгүүр дрон нисгэсэн хятад оюутныг баривчлав 8 цаг 36 мин Европын холбоо, Хятадын худалдааны дайн энэ удаа шилэн кабелийг хамрав 8 цаг 40 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих төвүүдийг ирэх онд байгуулна 9 цаг 43 мин Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монголд ирлээ 9 цаг 49 мин Монгол, Орос, Хятад улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо 9 цаг 54 мин НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болов 10 цаг 0 мин Альберт нуурын усны төвшин нэмэгдсэнээс 7000 хүн амиа алдав 10 цаг 45 мин Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжээ 10 цаг 57 мин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо 11 цаг 20 мин Дахиад л Сатоши Накамото биш гэнэ үү? 11 цаг 26 мин "МИЛТОН" шуурга АНУ-д 50 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ 11 цаг 33 мин Домогт теннисчин РАФАЭЛЬ НАДАЛЬ их спортоо орхиж байна 11 цаг 40 мин Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд 11 цаг 47 мин Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү 11 цаг 58 мин “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 12 цаг 3 мин
iИх уншсан
Задралд тулсан Орос орон АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... “Ардын” баатар үхсэн(I) Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... К.Харристай мэтгэлцэх урилгыг Д.Трамп хүлээж авсангүй Хятадын хүн амын өөрчлөлтийг судална Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй гэс... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шу... Сири дэх Ираны үйлдвэрт цохилт өгчээ Америкийн олны танил эрхмүүд хар салхинд нэрвэгдэгсдэд ханди... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top