x

Вьетнамын хөгжлийн түлхүүр буюу Дой Мой шинэчлэл

Вьетнамын дайн 30 жил үргэлжилсний эцэст 1975 онд дууссаны дараа тус улсын эрх баригчид социализмын замаар хөгжих Зөвлөлт маягийн хувилбарыг сонгожээ. Дайны дараах сэргээн босголтыг удирдаж байсан тухайн үеийн удирдагч Ле Зуан төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны хүрээнд эдийн засгийг хатуу хянах бодлого явуулсан нь улс орны хөгжлийг зогсонги байдалд оруулсан байна.

Тэрбээр өөрчлөгдөн буй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь эдийн засагт хүндрэлийг үүсгэжээ. Тус улсын эдийн засаг бусад улсынхтай харьцуулахад сул дорой байв. ЗХУ-ын туршлагаар 5 жилийн төлөвлөгөөний дагуу хөгжихөөр оролдсон боловч мухардалд оржээ. 1980-аад оны дунд үед нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ дөнгөж 200-300 ам.долларт эргэлдэж, хүн амын 60-70 хувь нь ядуу зүдүү амьдарч байлаа.

Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны хүнд сурталт механизм үр  дүнгээ өгөхгүй гэдэг нь 1975-1985 он хүртэлх бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд нэгэнт тодорхой болсон тул хөгжлийн өөр замыг сонгохоос аргагүйд хүрсэн байна.

Улс үндэстний нөөц хүчийг дайчлан харийн түрэмгийлэгчдийн эсрэг дайнд ялалт байгуулахад төвлөрсөн хүчирхэг тогтолцоо шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн бол дайны дараа бүхнийг төрийн өмч хэт давамгайлсан тогтолцоонд шилжүүлснээр цаашид хөгжих боломжгүй гэсэн дүгнэлтийг Вьетнамын шинэ удирдлага хийжээ.  

Ингээд 1986 онд болсон Вьетнамын Коммунист намын 6 дугаар их хурлын үеэр Нгуен Ван Лин, Чыонг Тин тэргүүтэй удирдлага “Дой Мой” гэдэг шинэчлэлийн үйл явцыг эхлүүлэх шийдвэр гаргаж, улс орноо социализмын чиг баримжаатай зах зээлийн эдийн засагт шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

Хятад улсад амжилттай хэрэгжүүлсэн Дэн Сяопиний шинэчлэлтэй олон талаараа төстэй уг шинэчлэл нь Вьетнамын Коммунист намын хяналтын дор улс орныг зах зээлийн эдийн засагт шилжихэд чиглэжээ. Намын удирдлага бусад улсад /ЗХУ, БНХАУ зэрэг/ шинэчлэл хийх гэж оролдсон туршлагуудад гүн гүнзгий дүн шинжилгээ хийсний эцэст Вьетнамын онцлог ба бодит нөхцөл байдлыг тусгасан стратегийн бие даасан бодлогыг боловсруулав. 

Дой Мой шинэчлэлийн бодлого нь эхний үе шат /1986-1990 он/ ба бүх талын шинэчлэлийн үе шат /1991-2001 он/ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

 

Эхний үе шатанд, хамтралуудыг тарааж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг хянаж байсныг цуцалж, газар эзэмших эрхийг тариачдад олгожээ. Түүнчлэн олон компанийг хувьчилж, үнийн хоёр өөр тогтолцоог халж, гадаадын хөрөнгө оруулалтын талаарх зохицуулалтыг зөөлрүүлж, хувийн бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бий болгон, экспортын бүсүүдийг байгуулж, хөдөлмөрийн багтаамж ихтэй аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлж эхлэв. Ялангуяа, эдийн засгийг хэсэгчлэн либералчилж, гадаадын капиталд нээлттэй болгож, ЗХУ-ын тусламжаас хамааралт байдлыг аажмаар багасгах, Барууны орнууд, хөрш Хятад улстай харилцаагаа сэргээх бодлого явуулж эхэлжээ.

Хоёрдахь үе шат: 1991 онд ЗХУ задарснаар Вьетнамд үзүүлж байсан тусламж ба хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа эрс хумигдсан тул үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан шинэчлэлийн бодлогод зарим өөрчлөлтийг оруулах шаардлага тулгарчээ. Нийгэм-улс төрийн тогтолцооноос үл хамааран дэлхийн бүх улс оронтой эрх тэгш хамтран ажиллах бодлогыг тунхаглаж, гадаадын зах зээлд бие даан гарах эрхийг яам, үйлдвэр, аж ахуйн газрууд болон мужуудад олгов.

 Зураг дээр: Шинэчлэлийн өмнө 

Мөн 1993 онд Газрын тухай хуулийг шинэчлэн баталжээ. Үүний дүнд Вьетнамын иргэд улсаас олгосон газрыг түрээслүүлэх, солилцох, барьцаанд тавих, өвлүүлэх, бэлэглэх эрхтэй болжээ. Газрын бодлогод өөрчлөлт оруулснаар хүн амын хүнсний асуудал бүрэн шийдэгдсэн төдийгүй өнөөдөр Вьетнам улс жилд 8 сая гаруй тонн цагаан будаа экспортолдог дэлхийн тав дахь том үйлдвэрлэгч, гурав дахь том экспортлогч болсон байна.

1995 онд төрийн өмчийн үйлдвэрийн тухай хууль гарснаар улсын үйлдвэрийн газрууд хөрөнгө мөнгийг захиран зарцуулах, ажилтнууддаа ашиг хуваарилах боломжтой болов. 1990-ээд оны хоёрдугаар хагаст хөдөө аж ахуйн хөгжил, аж үйлдвэрийн салбарыг шинэчлэх, татварын тогтолцоог боловсронгуй болгоход илүүтэй анхаарал хандуулжээ. Тосгонуудад улсаас татаас өгч, ялангуяа Меконг мөрний хөндийд усжуулалтын систем барихад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулжээ.

1996 онд болсон ВКН-ын их хурлаар өнгөрсөн 10 жилийн алдаа оноог дүгнэж, улс орныг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилтыг дэвшүүлсэн байна.

Мэдээжийн хэрэг, шинэчлэл дардан замаар яваагүй. Эхний шатанд аж үйлдвэрийн салбарт том корпорацууд байгуулах нь оновчтой биш юм байна гэсэн сургамж авчээ. 2006-2007 оны үед Вьетнамын эрх баригчид Өмнөд Солонгосын аварга том корпорацууд зах зээлд амжилттай ажиллаж байгаагаас жишээ аван, хөлөг онгоц, гангийн үйлдвэрлэлд олон тэрбумын хөрөнгө оруулжээ. Гэтэл дэлхийн зах зээлийн бүтцийн талаарх мэдлэг дутмаг байсны улмаас далайн тээврийн “Vinalines” компани, хөлөг онгоц үйлдвэрлэгч “Vinashin” компани дампуурч байв.

Эдийн засгийг либералчлахын тулд юуны түрүүнд 1987 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталснаар Вьетнамын эдийн засаг дэлхий дахинд нээлттэй болов. Үүний үр дүн тун удалгүй гарч, 1994 он гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ний 10 хувьд хүрсэн ба ДНБ-ний өсөлт 1990-ээд дунд үед 9 хувьд хүрчээ. Эдийн засгийн хурдтай хөгжил, бага өртөгтэй ажиллах хүч зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болж байлаа.

Вьетнам улс 1995 онд Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ чөлөөт худалдааны бүсэд нэгдсэн бол 2000 онд АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ. АСЕАН-тай байгуулсантай адил гэрээг Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгостой байгуулав. Вьетнамд оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ зөвхөн 2023 онд гэхэд 36,61 тэрбум ам.долларт хүрчээ.

Дээр дурдсан 1986 оны статистик мэдээллээр, хүн амын 60-70 хувь нь ядуу зүдүү амьдарч байсан бол өнөөдөр 5 хувь болж буурчээ. 2010-2020 онд 10 сая гаруй хүн ядуурлаас гарсан байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1986 оныхоос 10 дахин өсөж, 3000 ам.доллароос давжээ. 1980-аад оны эхээр хүнсний хомсдолоос ангижрах тухай ярьж байсан бол 1990-ээд онд цагаан будааны экспортоор дэлхийд 3 дугаарт орох болов. 

Шинэчлэлийн дараа 

Вьетнам улс буурай хөгжилтэй орнуудын жагсаалтаас хасагдаж, дундаж орлоготой /lowermiddle/ улс хэмээн тооцогдох болов. 1990-2012 онд тус улсын эдийн засаг жилд 7 хувиар өсөж байсан бол 2012 оноос дэлхийн эдийн засгийн өсөлт удааширснаас шалтгаалан 6 хувь болж буурсан байна. Гэхдээ энэ бол бүс нутгийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад чамлахааргүй өндөр тоо бөгөөд бүхэл бүхэн 30 гаруй жилийн туршид эдийн засгаа жилд дунджаар зургаагаас дээш хувиар өсгөж чадна гэдэг бол Дой Мой шинэчлэлийн үр дүн ажээ. 

Шаардлагатай дэд бүтцийг байгуулж, зах зээлд ээлтэй бодлого хэрэгжүүлсний үр дүнд Вьетнам улс Зүүн-Өмнөд Ази дахь гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн төв болж хувирлаа. Adidas, Nike, Samsung зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын үйлдвэрлэлийн баазууд Вьетнамд бий болов. LG, Olympus, Pioneer зэрэг Япон, Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгчдээс гадна АНУ, Европын брэндүүд Вьетнамд салбаруудаа нээв. 2017 он гэхэд Вьетнам улс бүс нутагтаа хувцасны экспортоор тэргүүлж, цахилгаан барааны хоёр дахь том экспортлогч /Сингапурын дараа/ болжээ. Өнөөдөр Вьетнам улс гутал хувцас, цахилгаан барааны нийлүүлэлтийн дэлхийн сүлжээнд томоохон байр суурийг эзэлж байна.

Энэ онд Вьетнамын Үндэсний хурлаас 2050 он хүртэлх урт хугацааны "Алсын хараа" стратегийн бодлогын хүрээнд 2021-2030 оны хөгжлийн үе шатны ерөнхий төлөвлөгөөг баталжээ. Энэ үе шатанд шинжлэх ухаан, өндөр технологи, инновац, цахим ба экологийн шилжилтийн ололтуудад тулгуурлан хүртээмжтэй, хурдацтай, тогтвортой хөгжлийг бий болгоно. 2021-2030 онд тус улсын ДНБ-нийг жил бүр 7 хувиар, 2031-2050 онд 6.5-7.5 хувиар өсгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 7.5 мянган ам.доллар, 2050 он гэхэд 27-32 мянган ам.долларт хүрэх ёстой аж.

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН 2.8 тэрбум, АН 2,14 тэрбум төгрөгийг санхүүжилтыг төсвөөс авна 6 цаг 59 мин Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" болжээ 8 цаг 18 мин NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ 9 цаг 32 мин COMEDY WILDLIFE PHOTOGRAHY AWARDS 2024: Амьтны хамгийн инээдэмтэй гэрэл зургийн уралдааны шигшээ дууслаа 9 цаг 55 мин Донер-Кебаб аас болж Турк Герман хоёр муудалцав. Тэднийг Европын холбоо эвлэрүүлнэ 9 цаг 58 мин AP: Путин цөмийн зэвсгийн үзэл баримтлалаа шинэчлэн баруунд ноцтой сануулга өглөө 10 цаг 0 мин Италийн ерөнхий сайдтай дотно харьцаатай болсон гэх цууг Илон Маск үгүйсгэлээ 10 цаг 2 мин Хүйтэн дайн дахин эхлэх үү? 10 цаг 23 мин Хятадын хөрөнгийн зах зээл 28 хувиар огцом өсөв 10 цаг 33 мин Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно 10 цаг 41 мин Төв аймгийн ихэнх нутгаар цас орлоо 10 цаг 48 мин Вьетнамын хөгжлийн түлхүүр буюу Дой Мой шинэчлэл 10 цаг 58 мин Морингийн даваанд Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орлоо 11 цаг 11 мин Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх замыг хаана 11 цаг 31 мин Японд синтетик түлшний анхны үйлдвэр ажиллаж эхэллээ 11 цаг 40 мин Вьетнам улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгоно Өчигдөр 19 цаг 24 мин Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Өчигдөр 18 цаг 18 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын "Гурван төгөлдөршил"-ийг танилцууллаа Өчигдөр 17 цаг 36 мин Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг нэрлэж байна Өчигдөр 12 цаг 59 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө Өчигдөр 12 цаг 00 мин
iИх уншсан
Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! Зээлдмэл содон үг 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... Хүйтэн дайн дахин эхлэх үү? Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top