“Оюутан цагдаа-2024” хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад хэлний мэдлэгтэй 50 оюутныг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүрэгт гадаадын жуулчид олноор зорчдог 25 чиглэлд ажиллуулж байна.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд “Оюутан цагдаа-2024” хөтөлбөрийг гадаадын иргэн, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадын 8 орны хэлний мэдлэгтэй, 17 их, дээд сургуулийн 50 оюутныг энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс наймдугаар сарын 15 хүртэл хугацаанд ажиллуулж байна.
Оюутан цагдаа нарын ногоон өнгийн торон хантаазны баруун энгэрт “Guide for tourist”, зүүн энгэрт гадаадын жуулчдад зориулсан түүхийн дурсгалт газар, үзвэр үйлчилгээ, цагдаагийн байгууллагын хаяг байршил бүхий мэдээ, мэдээллийг “QR” кодод байршуулж, хойд талд “Student police” бичиглэлтэй хантааз, цагаан өнгийн саравчтай малгай өмсгөн аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлж байна.
"Бид нэг ээлжинд 6 цагаас илүүгүй хугацаагаар ажиллаж, Монгол орны байгалийн дурсгалт, түүх соёлын дурсгалт газар, үзвэр үйлчилгээний газрын тухай 5 бүлэг 46 мэдээлэл бүхий QR кодыг жуулчдад танилцуулж байгаа. Жуулчид ихэвчлэн Улаанбаатар хотод үзүүштэй, сонирхож болох ямар газар байна, ямар үзвэр үйлчилгээ үзэж болох, энэ хавиар хамгийн амттай хоолтой газар хаана вэ, талбай дээрх жанжин Д.Сүхбаатарын хөшөөг ямар утгатай, яагаад энд барьсан гэх зэргийг ихэд сонирхож лавладаг. Тэр бүхэнд нь зааж тайлбарлаад, илүү нарийн мэдээлэл асуувал мэдэхгүй байсан ч интэрнэтээс олж өгч, аль болох туслахыг хичээдэг. Оюутан цагдаа гэхээр сүртэй харагддаг юм шиг байгаа юм. Сайн байна уу, танд юугаар туслах вэ гэхээр эхэндээ санаа зовж, эмээж байх шиг санагддаг. Учраа тайлбарлаад, танд тусалъя гэхэд маш дуртай, уриалгахан хүлээж аваад ярилцдаг. Жуулчид ихэвчлэн нийслэлийн газрын зураг барьчихсан, энэ газрыг яаж олж очих вэ гээд асуудаг. Хэд хоногийн өмнө болсон Азийн соёлын өдөрлөгийн үеэр зарим жуулчин гар утсаа алдсаныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү дагуулж очин бүртгүүлж, хэлмэрч хийсэн. Жуулчид гэлтгүй тусламж хэрэгтэй хүмүүст бид мэдээлэл өгч, тусалж байгаа” хэмээн ШУТИС-ийн гуравдугаар курсын оюутан М.Дашням ярьсан юм.
Оюутан цагдаа нар маань өнгөрсөн долоо хоногт гэхэд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт зөрчлийн шинжтэй 5 дуудлага мэдээлэл өгч, дотоодын 632 иргэнд туслан, гадаадын 799 иргэнд хэлмэрчилж, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны нэг хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.