Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 6 дугаар сарын 28-ны өглөө 7 цагт эхэлж, 8 цаг 30 минутын байдлаар ирц 7 хувьтай байна.
Дундговь аймгийн хэмжээнд 30210 сонгогч саналаа өгөх ба 15 суманд санал хураах ажлыг зохион байгуулах 61 ажлын хэсгийн хороо ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн сонгуулийг тус аймагт зохион байгуулах сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг СЕХ-ны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталж, аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, нарийн бичгийн даргаар ХХҮГ-ын дарга Г.Хишигдаваа, гишүүдээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Цагдаагийн газрын дарга, УБХ-ийн дарга, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, ХХААГ-ын дарга, Статистикийн хэлтсийн дарга, ИТХ-ын ахлах мэргэжилтэн нар томилогдон ажиллаж байна.