УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ.
Монгол Улс энэ удаагийн парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байна. Ингэхдээ аймгууд 7, нийслэл 6, нийт 13 тойрогт хуваасан. УИХ-ын 78 гишүүнийг мажоритари тойрог, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгож, нийт 126 гишүүнийг сонгоно.
Энэ удаагийн сонгуульд 1341 нэр дэвшигч СЕХ-д бүртгүүлж, зургаадугаар сарын 10-26-ны өдрийг дуусталх хугацаанд сурталчилгаагаа хийсэн. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоосон юм.
Энэ жил улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан юм. Сонгуулийн тогтолцооноос хамаарч саналын хуудас нь хоёр хэсэгтэй байх ба тойрогт нэр дэвшигчид болон нам эвсэлд саналаа өгнө. Гадаад суугаа монгол иргэдийн хувьд зөвхөн нам эвслийн төлөө саналаа өгсөн юм.
2024 оны ээлжит сонгуульд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхээр УИХ-аас тогтоосон. Санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулах зорилгоор бүх хэсэгт хяналтын тооллогыг гар аргаар явуулна. Өнгөрсөн хугацаанд санал тоолох төхөөрөмжийн дүн, хяналтын тооллогын дүнтэй зөрсөн тохиолдол гараагүй. Хяналтын тооллогыг нээлттэй зохион байгуулах ба үйл явцыг хяналтын камерт тасралтгүй буулгаж баталгаажуулна гэдгийг СЕХ мэдээлсэн.