УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш улс орон даяар болно. Үүнтэй холбогдуулан СЕХ болон ЦЕГ-аас хамтарсан мэдээлэл хийлээ.
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:
-"Цагдаагийн байгууллага сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг 24 цагаар хүлээн авч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрсөн, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй нийт 901 гомдол мэдээлэл ирсэн. Өчигдөр мэдээлэл хийхэд 786 гомдол байсан.
Гэмт хэргийн шинжтэй 350, зөрчлийн шинжтэй 551 гомдол иржээ. Үүнээс 698 мэдээллийг шийдвэрлэж, ажиллагаанд 205 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Цагдаагийн байгууллагаас ирж буй гомдол мэдээллийг эх сурвалж харгалзахгүй бүх байдлаар хүлээн авдаг.
Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх мэдээллүүд цагдаагийн байгууллагад ирж байгаа. Үүнийг бүртгэж, харьяалагдах цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн прокурорын байгууллагатай хамтарч дагнасан прокурорууд ажиллаж байгаа" гэв.