Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын төвлөрсөн системээс найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангаж эхэлжээ.
Монгол Улсын сум суурин газруудаас төвлөрсөн системд холбогдоогүй Алтай сумыг БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг улсын 2022 оны төсөвт суулган тухайн онд барилгын ажлыг эхлүүлсэн билээ. Тус сум нь өмнө нь 600 кВт нарны цахилгаан станц, 3.000 кВт.цаг цэнэг хуримтлуурын систем, 300 кВт-ын нөөц дизель цахилгаан үүсгүүр бүхий хосолсон системээс хангагдаж байсан ч эрчим хүчээр хязгаарлагдмал байсан юм.
Түүнчлэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал багийн 60 кВт, Тонхил сумын Алтансоёмбо багийн 30 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийн цэнэг хуримтлуур, инвертерийг шинэчлэн ашиглалтад орууллаа. Ингэснээр дээрх хоёр багийн 70 орчим өрхийн цахилгаан хангамж сайжирч байгааг ЭХЯ мэдээлжээ.