Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын сонгуультай холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар 6 дугаар сарын 27, 28, 29-ний өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.
Мөн сонгуулийн санал авах өдөр соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээ явуулахыг хориглосон гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахаар 23 сумын 129 хэсгийн хороонд итгэмжлэгдсэн ажилтан, даамал, мэдээллийн ажилтан, цагдаа бүхий 1700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Орхон, Булган, Хөвсгөл буюу УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт 16 нам, 2 эвсэл, 4 бие даагч нийт 86 нэр дэвшигч 8 мандатын төлөө өрсөлдөнө.