Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. 2024 оны УИХ-ын 5-р тойрог буюу төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн тухайд 10 мандатад 18 нам эвсэл, 4 бие даагч, нийт 119 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нийт нэр дэвшигчийн 62 хувь нь эрэгтэй, 38 хувь нь эмэгтэйчүүд байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2024 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах 62 хэсгийн хороо буюу санал авах байр байгуулан бэлтгэл ажлаа хангажээ. Эдгээр хороодын 17 нь сумдад ажиллана. Харин Дархан-Уул аймагт 45 хэсгийн хороотой, үүний 4 нь сумдад, Төв аймагт 97 хэсгийн хороо, 27 нь сумдад ажиллахаар бэлтгэлээ базаасан байна.
Сэлэнгэ аймагт нийт 556 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулна. Эдгээр нь багш, нийгмийн ажилтан, ХАА-н мэргэжилтэн, туслах багш, үйлчлэгч, хүний нөөцийн болон нийгмийн бодлогын мэргэжилтэн, засварчин, сургалтын менежер, эмч, нярав, улсын байцаагч зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байна.
Тус аймгийн Сонгуулийн хорооны мэдээллээр төвийн бүсийн нийт сонгогчийн тоо 204178 байна. Сонгогчдын хувьд Сэлэнгэ аймагт 71231, Төв аймагт 62964, Дархан-Уул аймагт 70178 сонгогч санал өгөх дүн мэдээтэй байна.