Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн үеэр Монголбанк Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Төв банк /SEACEN/-уудын төлбөр тооцооны систем хариуцсан удирдах албан тушаалтнуудын оролцоотой Төлбөр тооцооны системийн талаарх 23 дахь удаагийн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Хуралдаанд Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын төлөөлөл Япон, БНСУ, Хонгконг, Индонез, Лаос, Малайз, Непал, Филиппин, Сингапур, Шри-Ланка, Тайланд, Вьетнам, Бруней, Тайвань, Камбож зэрэг 15 орны 30 гаруй төлөөлөгч оролцлоо. Оролцогчид олон улсын түвшинд төлбөрийн системийн өөрчлөлт, шинэчлэл, цахим шилжилт, хил дамнасан төлбөр тооцоо гүйцэтгэх талаар хийсэн шинэлэг технологи, олон улсын байгууллагын судалгааны ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн бодлого зохицуулалтын орчин, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн Төв банкнууд, Дэлхийн банк, АХБ төдийгүй бусад судлаачдын дунд хийж байгаа онцлох судалгааны нэг “Төв банкны цахим мөнгө”-ний талаарх илтгэлийг Япон улсын Дижитал валютын форумоос танилцуулав. Илтгэлээр төв банкнуудын цахим мөнгө нь технологид суурилсан, баялгаар баталгаажаагүй крипто-валют бий болж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэх тул зөвхөн төлбөрийн системд шинээр нэвтрүүлэх ажил биш Төв банкны санхүү бүртгэлийн систем, мэдээллийн технологи, мөнгөний бодлогын хэрэгжилтэд томоохон нөлөө үзүүлэхийг судалгаагаар харууллаа.