Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жилийн наадмын бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа болон баяраар баримтлах дүрэм, журмын талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.
Тус хорооны дэд дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ярихдаа, “Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур зарах 177, худалдаа эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгоно. Зөвхөн аж ахуйн нэгжид л зөвшөөрөл олгоно. Хүсэлтийг долоодугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. Зөвшөөрлийн үнэ 330-660 мянган төгрөг. Үүн дээр хогийн 275 мянган төгрөг болон цахилгааны мөнгө нэмэгдэнэ. Аж ахуйн нэгж, байгууллага ширээ сандал, сав суулгатайгаа л очно. Цахилгаан эрчим хүч, асраар хангана. Хуушуур хайрсан тосоо зүлгэн дээр асгавал хариуцлага тооцно.
Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан худалдааны 40 асар байршуулна. Ингэснээр жуулчид худалдан авалт хийх боломжтой болно.
Хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй. Тиймээс наадмын өдрүүдэд бараа таваараа аваад цэнгэлдэхийг зорьж хүндрэл учруулахгүй байхыг хүсье.
Мөн Хүй долоон худагт хуушуур, хоол үйлдвэрлэл явуулах ААН, байгууллагын хүсэлтийг долоодугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. Төв цэнгэлдэх орчимд 7850 автомашины зогсоол төлөвлөсөн. Баяр наадмаар “21 дарь эх”- ийг цомцог гэрт байрлуулж, анх удаа олон нийтэд толилуулна” гэв.