Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс худалдаалахаар болжээ.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбарыг enaadam.mn сайтаар долдугаар сарын 1-нээс худалдах юм. Мөн баяр наадамтай холбоотой бүх мэдээллийг энэ сайтаас авах юм. Тасалбарыг суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй зарах бөгөөд нийт 12 мянган ширхэг тасалбар борлуулна.
Түүнчлэн энэ жил төрийн гурван өндөрлөг болон гадаадаас ирэх томоохон зочид төлөөлөгчдөөс бусад бүх хүн наадмын тасалбарыг худалдан авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд болон сайд нар, түүний гэр бүлийнхэн урилгаар бус тасалбараа худалдан авч байгаа ажээ.
Энэ жил наадам үзэхээр гадаадын зочид төлөөлөгчид олноор ирэхийг хотын дарга мэдээлэлдээ дурдсан юм.