Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Бүрэн суманд улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 160 хүүхдийн шинэ дотуур байр өнөөдөр ашиглалтад орлоо. Тус барилга нь нийт 3 давхар бөгөөд “Хөх үзүүр” ХХК хоёр жилийн хугацаанд барьж байгуулсан юм.
Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуульд 2024 онд 550 хүүхэд суралцсан. Үүнээс 401 нь малчин айлын хүүхэд байсан бөгөөд өмнөх дотуур байр хүсэлт гаргасан хүүхдүүдийн 40 хувийг л авах хүчин чадалтай байжээ.
Бүрэн сумын Засаг дарга Т.Түвшинбат хэлэхдээ, “Өмнө нь малчдын хүүхдүүдэд дотуур байр хүрэлцээгүй байсан. Иймд хүүхдүүд айлын хашаанд гэр барьж амьдрахаас эхлээд урсгал зардал их байсан асуудлыг энэ жил шийдэхээр болсонд баяртай байна. Тус барилга нь орчин үеийн шинэ зохион байгуулалттай, цэвэр, бохир усны шугам, төвийн дулаантай холбогдсон” гэв.
Төв аймаг иргэдээ ая тухтай, чанартай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж нийгмийн салбар тэр дундаа боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд 21 цэцэрлэг, 12 сургууль, 14 дотуур байрыг барьж байгуулан ашиглалтад оруулаад байна.