Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох боломж бүрдлээ.
Тодруулбал, “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-т Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Жамшид Абдухакимович Ходжаев нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар Ташкент хотноо “Куксарой” ордонд дээд түвшний хэлэлцээ хийх үеэр гарын үсэг зурав. Хамтарсан хөтөлбөрийг үзэглэснээр хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэх боломжтой юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулжээ. Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, агаарын болон авто тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр тогтов.
Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар болжээ.