Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ.
Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт зөвлөмж өгөх юм. Улмаар санал авах өдрийн дараа урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэх аж.
Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлсэн гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын 68 ажиглагч сонгуулийг ажиглах юм.