Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 24-ний байдлаар 46 хүн усанд живсэн дуудлага ирснээс 30 нь амиа алджээ.
Харамсалтайгаар эндсэн иргэдийн 26 нь том хүн, 4 нь хүүхэд байв. Усанд живсэн дуудлагыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин нэмэгджээ. Усны ослын тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.
Иймд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй, зориулалтын гарц гармаар зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа. Тус байгууллагаас голын дагуу амарч зугаалж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэхээр улсын хэмжээнд завьт болон хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалжээ.