Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголбанк үндэсний брэнд “Т” картын хэрэглээг өргөжүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгохоор Хонконгийн EFT Solutions компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Т” картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлын стандарт хангасан EMV/NFC технологид шилжүүлснээр олон улсад ашиглах техникийн боломж нээгдэн, Хонконгт “Т” картаар худалдаа, үйлчилгээний төлбөр төлөх, төлбөр тооцоо гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна. Ийнхүү картын нууцлал, аюулгүй байдлыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмснээр олон улсын зах зээлд гаргах боломжтой болсон төдийгүй төлбөрийн хялбар шийдлийг нэвтрүүлэх хүрээнд төлбөрийн картыг мобайл хэтэвчинд бүртгүүлж, гар утсаараа төлбөр тооцоо хийх ажлыг мөн эхлүүлээд байгааг төв банк мэдээлэв.
Хорин жилийн өмнө байгуулагдаж, Хонгконгийн хөрөнгийн биржид 2016 онд бүртгүүлсэн EFT Solutions компани цахим төлбөрийн системийн зах зээлийн 60 орчим хувийг эзэлж байна. EFT-POS терминал, программ хангамжийн хөгжүүлэлт, киоск, нийтийн тээвэр, QR код уншигч, өөртөө үйлчлэх терминал зэрэг дагалдах төхөөрөмжийн хөгжүүлэлт, техникийн тусламжийн үйлчилгээг үзүүлэхдээ санхүүгийн гүйлгээний төлбөрийн гарцыг технологийн дэвшлийг ашигладаг. Мөн Alipay төлбөрийн системийг олон улсад анх нэвтрүүлсэн бөгөөд бүх төрлийн төлбөрийн карт төлбөрт хүлээн авахаас гадна Wechat pay, Apple Pay, Samsung Pay, Google Pay зэрэг томоохон мобайл хэтэвчүүдийг төлбөрт хүлээн авдаг. Түүнчлэн, Хонконгийн такси, метронд ашиглах NFC карт хүлээн авах төслийг 2023 онд нэвтрүүлсэн аж.