Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. "Номтой зун" үйл ажиллагааг аймгийн Нийтийн номын сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран “Өвгөнжаргалант” хүүхдийн зусланд зохион байгууллаа.
Зуслангийн Өсөх нахиа, Сэтгэмж, Тэмүүлэл, Улаан сарнай зэрэг дөрвөн бүлгийн 200 гаруй амрагч хүүхэд тус үйл ажиллагаанд хамрагдсан байна.
Энэ хүрээнд 11-12 дугаар ангийн амрагчдын дунд “Номын сангийн хөгжлийн чиг хандлага - Номын санч мэргэжил” сэдэвт хэлэлцүүлэг, 6-9 дүгээр ангийн амрагчдын дунд “Номын өргөөний ид шид” лекц, 2-5 дугаар ангийн амрагчдын дунд “Номтой нөхөрлөх аргууд”-ыг танилцуулсан байна. Мөн “Алтан хонх”, танин мэдэхүйн асуулт хариулалтын АХА тэмцээн, Буухиа тэмцээн зэргийг зохион байгуулж, ном уншлагын цагаар бүтээлч номын тэмдэглэл хөтлөн “Хонгор нутгаа танин мэдье” хөтөлбөрийг амрагч хүүхдүүдэд танилцуулжээ.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг буюу аймгийн төвөөс 50 гаруй км зайд үйл ажиллагаа явуулдаг “Өвгөнжаргалант” хүүхдийн зуслан нь 1662 онд 7 гэр, 23 ажилтантай байгуулагдан Архангай, Өвөрхангай болон өөрийн аймгийн 40 хүүхэд хамруулан ажлаа эхэлж байжээ. Улмаар 1997 оноос Хүүхдийн хөгжлийн төв хэв шинжийг хадгалж, амрагчдын сонирхол хэрэгцээнд тулгуурлан соёл хүмүүжлийн олон талт хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.