Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж, нээлээ.
Дотоодын зах зээлд нээлттэй хэлбэрээр 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнийн дүн бүхий бонд санал болгож байгаа бөгөөд үндсэн андеррайтераар “БиДиСек”, “Эм Ай Си Си”, синдикатороор “Таван богд капитал”, “Голомт капитал”, “Ти Ди Би” компани ажиллах аж.
Улаанбаатар хотод 1450 км хатуу хучилт бүхий авто зам бий. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм. Цаашид ч уг тоо өсөх хандлагатайг судалгаанд харуулсан байдаг. Тиймээс авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад бондын мөнгөнөөс зарцуулна. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны “Туул-1” гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурна. Ингэснээр Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэхийг албаныхан онцоллоо.