Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын “Буур хээр”-ийн 8-р багт хүүхдийн нөхөн сэргээх, хөгжил хамгааллын төвийн барилгыг барьж байгуулсан байна.
Сэлэнгэ аймаг “Хүүхэд нэгдүгээрт” уриатайгаар хүүхэд рүү чиглэсэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг энэхүү төв юм.
“Хүүхдийн хөгжил хамгаалал, нөхөн сэргээх төв” нь дотроо хоёр төв болон үйл ажиллагаагаа явуулах юм байна.
Тодруулбал “Хүүхдийн хөгжлийн төв”-д хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн дугуйлан, секц, сургалтууд хичээллэх бол, “ Нөхөн сэргээх сургалтын төв” -д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх, мөн тэдэнд зориулсан төрөл бүрийн сургалтыг явуулах юм байна.
Мөн тус төвөөр дамжуулан хүчирхийллээс хамгаалах үйлчилгээг үзүүлэх аж.
Энэхүү “Хүүхдийн хөгжлийн төв” нь Монгол Улсад анх удаа байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм байна.