Б.Дэлгэрмаа: Эрх баригчид өчнөөн цахилгаан станц барих мөнгөөр хурал цуглаан, сонгуулийн пиар хийж байна
УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Анх удаагаа 126 гишүүн сонгогдоно. Сонгуулийн тойрог нь бүсчлээд томорсон гээд олон шинэлэг зүйлтэй сонгууль болох гэж байна. Таны хувьд энэ удаагийн сонгуулийг хэрхэн харж байна вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон нь үнэхээр парламентат ёсыг бэхжүүлэх алхам болсон. Манай одоогийнх болохоор дэлхийн бусад хууль тогтоох байгууллагуудтай харьцуулахад бага оврын парламент. Аливаа парламентад намын бүлгийн ажил маш чухал байдаг. Бүлэг дээр бодлого яригдана. Харин дараагийн шатны мэргэжлийн тогоочийн ажил бол байнгын хороо. Хуулийг илүү мэргэжлийн байдлаар анзаарч, алдаа мадгийг нь шүүх ёстой. Чуулган бол яах вэ, алх цохиод л хуулиа баталдаг. Гэтэл одоогийн 76 гишүүнтэй парламентын байнгын хороо хуулийг мэргэжлийн байдлаар гаргаж чадахгүй байна. Учир нь байнгын хороонд цөөхөн гишүүн хуваарилагддаг. Ирц нь хүрдэггүй асуудал бий. Дээрээс нь манай улсад лобби хуулиар хориотой. Тийм болохоор нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхол намаар дамжих учиртай. Энэ бүгдээс улбаалж 126 гишүүнтэй болох нь нэг том алхам гэж хэлээд байгаа юм. Гэхдээ энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцох болсон нь хоёр том нам бүхий улс төрийн тогтолцоог нэг том нам, бэлгэдлийн шинжтэй олон жижиг нам гэдэг тогтолцоо руу явуулах хандлага байна.
-Яагаад тэр билээ?
-Энэ удаагийн сонгуулиар тойргийг улам бүр томсгож бүсчилсэн. Тэгэхээр эрх баригч нам улам л дангаараа засаглах сонгуулийн тогтолцоог бий болгоод байна. Яг манай хойд хөрш шиг болох гээд байгаа юм. ОХУ-д Нэгдмэл Орос нам, бэлгэдлийн шинжтэй жижиг намууд байдаг. Тэдгээр нь сонгуулиар хоёр хувийн санал авдаг. Ийм байдал руу л явах гээд байна. Тэгэхээр энэ сонгуулиар бүрдэх 126 гишүүнтэй парламент бодлогын өрсөлдөөний талбар гэхээс бөөнөөр сууж байгаад л алга ташдаг болчих вий гэдэг болгоомжлол байгаа юм.
-Нэг нам нь дангаараа засаглаад бусад нь цөөхөн хэдэн гишүүнтэй, бүлэг байгуулах хэмжээнд хүрэхгүй байх вий гэж та бодоод байна уу?
-Одоогийн АН бүлэг байгуулсан ч үндсэндээ МАН-ын бодлогын эсрэг сөрж зогсох хэмжээний суудал авч чадаагүй. Тэгээд нэг Т.Доржханд, нэг Н.Номтойбаяр гэсэн байдалтай парламент байж болохгүй. Парламентад ядаж 40 хувийн суудал авч байж эрх баригчдыг хянах боломж гарна.
-Олон намын төлөөлөл сонгогдох сайн талтай гээд байгаа шүү дээ?
-Өнгөрсөн 2000 оны сонгуулиар МАН 72 суудал авч байлаа. Иргэний зориг нам, Эх орон нам, Ардчилсан намаас нэг, нэг төлөөлөл Л.Гүндалай гэдэг нэг бие даагчтай л парламент бүрдсэн. Үүнийг олон намын төлөөлөл гэж тайлбарлаад байх нь зохимжгүй. Энэ чинь нам биш, хувь хүмүүс сонгогдсон. Ер нь нэг үндэстэн, хэл, соёл, шашин, уламжлал, түүх нэгтэй ийм моно нийгэмд олон нам байх бараг боломжгүй. Тийм ч болохоор манайх 1990 оноос хойш АН, МАН гэсэн хоёр том намын тогтолцоо руу явж байсан. Харамсалтай нь сүүлдээ МАНАН болоод элдэв янзын схем зураад эхэлсэн. Судалгаагаар монголчууд нам гэдэг үгнээс маш их цэрвэдэг, болгоомжилдог болчихсон нь харагддаг. Тийм ч болохоор олон нийт хувь хүнд санал өгнө гээд байдаг. Гэтэл хувь хүн УИХ-д ороод хууль хийдэггүй. Харин нэгдсэн бодлого гэдэг утгаараа улс төрийн намыг сонгохоос өөр арга байхгүй. Тийм учраас энэ удаагийн сонгууль дахиад л эрсдэл дагуулж байна гэж харагдаад байгаа юм.
-МАН найман жил дангаар төр барьлаа. Өнгөрсөн хугацаанд ерөнхийд нь дүгнэж та юу хэлэх вэ?
-Энэ найман жилд бодлогын шинжтэй зүйл огт явагдсангүй. Бүтээн байгуулалт л гэж нэг их ярих юм. Энэ чинь төр бүх юм хийдэг байсан социализмын нэр томьёо шүү дээ. Харин бид 90-ээд оноос төрийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Хувийн хэвшил нь эдийн засгийг тодорхойлох хүч байх ёстой, төр бизнес хийх ёсгүй юм. Гэтэл тууз л хайчилдаг төр болчихлоо. Энэ засгийн алдааг дурдвал маш их бий. Түүн дотроос хамгийн аюултай алдаа нь гэвэл улсынхаа тусгаар тогтнолын асуудалд алсын бодлоготойгоор анхаарахгүй байна.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Дэлхийн геополитикийн асуудал эрс өөрчлөгдлөө. ОХУ тусгаар тогтносон Украин улс руу халдсан. Үндсэндээ Европын төвд хоёр жилийн турш дайн үргэлжилж байна. НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь үүнийг буруушаасан. Манай улсын хувьд цөмийн зэвсэгтэй, хоёр том их гүрний дунд оршдог. Гэтэл манайх гадаад бодлогоо эргэж харсан байдал огт харагдахгүй байна. Уг нь улс орнууд гадаад бодлогоо асар их чухалчилдаг. Гүрж улс өнөөдөр Үндсэн хуульдаа Европын холбооны салшгүй хэсэг байна гэж биччихээд саяхан Гадаадын агентуудын хууль гээчийг парламентаараа баталснаас болоод тус улсад ард түмэн бослоо. Харин манайх болохоор жижиг үндэстэн, далайд гарцгүй, хоёр том гүрэнтэй хиллэдэг. Тийм учраас ямар нэгэн асуудалд болгоомжтой, төвийг сахисан байдалтай харьцах ёстой гэж тайлбарладаг. Энэ нь зөв. Гэхдээ хоёр хөрштэйгөө найрсаг, сайн харилцаатай байна гэдэг чинь дайныг дэмжинэ гэсэн үг биш. Үнэхээр төвийг сахих гэж байгаа бол дайныг сурталчилсан аливаа зүйлийг Монгол Улсынхаа нутаг дэвсгэрт явуулахыг хорих хэрэгтэй.
-Манай улс дайныг дэмжээд байна гэж та үзэж байна уу?
-Хуучин социалист байсан ихэнх оронд зөвлөлтийн гэх санаа агуулсан бүхнийг хориглох, эсхүл ямар нэгэн байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байна. Дарангуйлал, захиргаадалтын системийн бэлгэ тэмдэг болсон хөшөө дурсгалуудыг буулгаж байна. Гэтэл манайх элдэв баяр ёслол, ойн арга хэмжээнүүдээ цэргийн жагсаалаар эхлүүлж, хүүхдүүд цэргийн хувцас, пионерийн зангиа зүүчихсэн концерт тоглох жишээтэй. Маш сайхан энх амгалан улс, үндэстэн байж яагаад дандаа энэ мэтчилэн дайны суртал ухуулга маягтай зүйлүүдийг хийгээд байдаг юм. Дээрээс нь ОХУ олон улсын хоригт орчихоод байхад тэнд зохиогдож байгаа бүхий л уралдаан, тэмцээнд манайх оролцож байна. Ихэнх орон эсрэгээрээ оролцохгүй байгаа. Энэ мэтчилэн жижиг юм шиг зүйлүүд ажиглагдаж байна. Харин том бодлогын шинжтэй зүйлийг ярьвал Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлыг зогсоох хэрэгтэй. Европын холбоо Оросын байгалийн хийг 87 хувь ашигладаг байснаа шууд зогсоосон. Шалтгаан нь байгалийн хийг худалдан авснаараа дайныг санхүүжүүлж байна гэж үзсэн. Гэтэл манай эрх баригчид ОХУ-аас эрчим хүч, бензины нийлүүлэлтээс хамааралтай хэвээр байна.
-Бодит, үнэн нөхцөл байдал нь юм биш үү?
-Энэ бүхнээс улбаалаад би ганцхан зүйл л хэлэхийг хүсч байгаа юм. Дайн эхэлсэн өдрөөс ХБНГУ 55 хувь байгалийн хий, 50 хувь нүүрс, 35 хувь түүхий нефть авдаг байснаа шууд зогсоосон. Харин тэд байгалийн шахсан хийг хэрэглэдэг болохын тулд маш богино хугацаанд терминалууд барьсан. Эрчим хүчний хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн. Тийм болохоор манайх мөнхийн Оросын нөлөөллийн орон байх ёстой юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь 1989 оны ардчилсан хувьсгал чинь Кремлийн заавраар амьдрахгүй гэсэн үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн байсан юм. Гэтэл сүүлийн найман жил бодлогын томоохон ажилд яагаад ахиц гарахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид юуны учир манайхаас дайжаад байна. Өнөөдөр манай улсад гадаадын хөрөнгө оруулагч гэвэл Рио Тинтогоос өөр байхгүй болсон.
Төв Азийн таван улс болох Казахстан, Узбекистан, Киргизистан, Тажикистан, Туркменистан улс өнөөдөр Оросын нөлөөнөөс ангижрах оролдлого хийж Европын холбоо, АНУ-тай худалдаа-эдийн засгийн асуудлаа тэлэхийг эрмэлзэж байгаа. Гэхдээ эдгээр улс хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс ОХУ-ын нөлөөллөөс гарах явц маш хүнд хэцүү явагдана, энд цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл Монгол Улс хэдий социалист систем ч тэр тусгаар улс байсан. Сүүлийн жилүүдэд манай улсад яагаад Ропын пап, Францын ерөнхийлөгч Э.Макрон зэрэг дэлхийн улс орнуудын нөлөө бүхий удирдагч нар ирээд байна гэхээр ердөө л энэ шүү дээ. Оросын нөлөөллийн орон болчих вий гэсэн болгоомжлол хаа, хаанаа байна. Гэтэл “Ардчиллын баян бүрд” гэж нэрлэсэн улсад нь социалист, коммунист үзэл бодолтой МАН засаглаад, хувийн хэвшлийг төр нь дарамталдаг, дээрэмддэг болчихлоо. Иргэний нийгмийн тулгын гурван чулуу гэсэн ойлголт бий. Хамгийн чухал нь төрөөс ангид байх ёстой хувийн хэвшил. Харин төртэйгөө ганцхан татвараар л харьцдаг байх хэрэгтэй. Хэрэв татвар нь өндөр байвал зүүний чиглэлийн нам төрийн эрх барьж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Өндөр татвараар бий болсон төсвийн мөнгийг нийгмийн халамж болгон хуваарилдаг засаг гэсэн үг. Иргэний нийгмийн бас нэг чухал багана бол хэвлэл мэдээлэл. Та нар төр, нийгэм, иргэний талаар болж, бүтэхгүй байгааг мэдээлдэг. Гурав дахь нь төрийн бус байгууллага байдаг. Үүнийг л иргэний нийгэм гээд байгаа юм.
-Тэгвэл өнөөдөр манай улсад жинхэнэ утгаараа иргэний нийгэм байна уу?
-Өнөөдөр хувийн хэвшлээ татвараар дарамтлах, дээрэмдэж, тонож байна. Хөрөнгийг нь хүчээр хураан авдаг боллоо. Сэтгүүлчдийг барьж, хорьж байна. Бүхий л замаар амыг нь үдэхийг оролдож, заримыг нь худалдан авч байна. Тэгэхээр МАН чинь дарангуйллын эд, эсийг л тээгээд байна. Өнгөрсөн жилүүдэд өчнөөн цахилгаан станц барих мөнгөөр хурал цуглаан, сонгуулийн пиар хийлээ. Хамгийн сүүлд л гэхэд “Шинэ хоршоо” гэдэг хөтөлбөр гаргаж ирээд бүх төрийн албан хаагчийг татвар төлөгчдийн мөнгөөр суманд ажиллуулж байна.
-Таван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн?
-Энэ их мөнгөөр чинь хэдэн цахилгаан станц барьчихвал эрчим хүчнийхээ хамаарлаас гарчихна шүү дээ. Дээрээс нь Эгийн голын усан цахилгаан станц, уран олборлолтын асуудал байна. Германчууд зоригтойгоор бүгдийг зогсоогоод өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад бүгдийг хийж чадсан. Бидэнд ч тэднээс дутахгүй боломж байгаа. Үүнийгээ ашиглах л хэрэгтэй.
-Энэ удаагийн сонгуульд яагаад АН ялах ёстой вэ. Хэрэв ялсан тохиолдолд таны хэлээд байгаа энэ алдаа дутагдлуудыг засаж сайжруулж чадах болов уу?
-Чадахгүй бол бид ингээд л арчигдана. Бид тоталитар дэглэм рүү орохгүйн тулд л Ардчилсан нам болон бусад намууд засгийн эрхэнд гарах ёстой. Өөр арга байхгүй. МАН-ын бодлого өнөөдөр тэр чигээрээ буруу байна. Энэ намд олон сайхан залуус гишүүнээр элсэж, олон боловсролтой хүн ажиллаж байгаа. Гэхдээ үндсэн бодлого нь буруу болохоор хэчнээн Харвард төгсөөд нэмэргүй шүү дээ. Татварын дарамттай, хөрөнгөө дээрэмдүүлдэг, цалин нь халамжийн шинжтэй болохоор залуучууд Солонгос явж ажиллахыг илүүд үзээд байгаа хэрэг. Боловсрол, мэдлэгтэй хэсэг нь дэлхийн IT компаниудад ажиллаж, оюуны урсгал манайхаас гараад эхэлчихлээ. Гэтэл эрх баригчид метро барина гэх зэргээр үлгэр л яриад байна. Түүнийг нь явуулах эрчим хүч манайд байхгүй.
-Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгон хуваана гэсэн шүү дээ?
-Харин тийм. Газрын хаанаас ийм сонин зүйлс толгойд нь орж ирээд байдаг юм. Би ерөөсөө огт ойлгохгүй байгаа юм. Энэ намд авах нэг ширхэг зүйл алга. Хамгийн сүүлийн жишээ нь тэр “Шинэ хоршоо”. Тэртээ 1998 онд Ц.Ганхуяг, Ц.Баярсайхан бид гурав Германы хоршооны туршлагыг судлаад, Хоршооны тухай хууль дээр тус улсын мэргэжилтнүүдтэй сууж, хуулийг батлуулсан. Энэ хуульд мал аж ахуйг зудын эрсдлээс хамгаалах, малчид хөрөнгө, хөдөлмөрөөрөө хоршиж ажил хийвэл төрөөс ямар дэмжлэг үзүүлэх юм зэрэг эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн их сайн хууль болсон. Гэтэл энэ “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн. Хүчээр малчдыг цуглуулаад, ямар ч барьцаагүй зээл олгоно гэнэ. Сонгуулийн дараа ямар ч барьцаагүй учраас энэ зээл чинь буух эзэнгүй болно. Баялгийн сан гэхэд л зөвхөн ахмад болон боловсролд зарцуулна гээд АН-ын үед хууль нь хэлэлцэгдэж байсан. Учир нь ахмадууд бол энэ баялгийг бий болгоход гар бие оролцож, хийдгээ хийсэн гэдэг утгаар дэмжих ёстой. Тэгвэл нөгөө талдаа ирээдүйн баялгийг бий болгох хүүхэд, залуустаа дэлхийн боловсрол олгох зайлшгүй шаардлагатай. Ийм байдлаар явж байсан чинь Баялгийн санг зүгээр л ипотекийн зээл болгочихлоо. Энэ мэтээр яваад байвал сонгуулийн дараа манай эдийн засаг элгээрээ хэвтэж, улс орон дампуурлаа зарлах эрсдэл байгаа.
Өдрийн сонин