2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг ДАВАА, БААСАН гариг бүр аялж эхлээд байна. Тус чиглэлд УБТЗ-ын болон Хятадын төмөр замын галт тэрэг ээлжилж аялах юм.
Улаанбаатар-Хөх хот чиглэлд Монголын талаас аялах анхны галт тэрэг энэ сарын 15-ны баасан гаригт Улаанбаатараас хөдөлж, бямба гаригт Хөх хотод очсон бол Хөх хот-Улаанбаатар чиглэлийн Хятадын галт тэрэг баасан гаригт Хөх хотоос хөдөлж өнөөдөр /2024.03.17/ Улаанбаатарт ирлээ.
УБТЗ-ын галт тэрэг баасан гариг бүр Улаанбаатараас хөдөлж бямба гаригт Хөх хотод очоод даваа гаригт Хөх хотоос хөдөлж лхагва гаригт Улаанбаатарт ирнэ. Хятадын галт тэрэг баасан гариг бүр Хөх хотоос хөдөлж, ням гаригт Улаанбаатарт ирээд, даваа гарагт Улаанбаатараас хөдөлж, мягмар гарагт Хөх хотод очих хуваарьтай байна.
Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбарын үнэ нэг талдаа 323,700 төгрөг байхаар тогтжээ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН