Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр хүүхэд хамгааллын ажилтны орон тоог зайлшгүй нэмэх шаардлагатай байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа онцлов.
Тэрээр "Хүүхдийн асуудал хариуцсан ажилтны орон тоо сумдад байхгүй мөртлөө малын асуудал хариуцсан таван хүн байна. Бүгдийнх нь хавсарч хийдэг ажлынх нь 20, 30 дахь асуудал нь хүүхэд хамгаалал байдаг.
Нийгмийн ажилтан тэрбум мод тарьсан тайлан, соёл урлагийн мэдээ мэдээллээс эхлээд олон зуун тайланг гаргаж өгөх хэрэгтэй болдог.
330 суманд хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болно гэдэг хууль батлуулсан ч ирэх жил, түүний дараа жилийн бүх төгсөгчийг авсан ч хүрэлцэхгүй. Мэргэжлийн боловсон хүчнээр нэг хэсэгтээ дутагдана. Энэ тал дээр зайлшгүй анхаарах шаардлагатай.
Салбарын боловсон хүчний цалин хангамж бага. 700 гаруй мянган төгрөгийн цалинтай байсныг 30 орчим хувиар нэмлээ. Ирэх жил дахиад 10 орчим хувиар нэмнэ. Аймгийн төвд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувь, суманд ажиллаж байгаа бол 40 хувиар нэмэх гэж байна. Мөн таван жилд тутамд зургаан сарын цалинтай тэнцэх нэмэгдэл авна" гэв.