Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно.
Өмнөх шүүх хурлын үеэр өмгөөлөгчөөсөө татгалзсан, шинэ өмгөөлөгч авсан, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан шалтгаанаар шүүх хуралдааныг өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хойшлуулсан байдаг.
Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгчөөр Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ц.Одмаа, Д.Дүгэржав ажиллах юм байна.
Харин прокурор Г.Цогтгэрэл, М.Энхбаатар нар оролцох товтой байна.
Эргэн сануулахад, Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долдугаар сарын 25-ны өдөр Ц.Хуланд 9 жил 6 сар, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөгийг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.