Төр, хувийн хэвшил хамтран Самбалхүндэв буюу Далан давхрын оршуулгын газрын 10га талбайг хэсэгчлэн чөлөөлж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2022 онд эхлүүлсэн нь хотын өмнө тулгамдаж буй асуудлыг хувийн хэвшилтэй хамтран шийдэх загвар төсөл болжээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-1,7 сая хүн амьдарч аж төрж байгаа энэ том хотын хувьд хот төлөвлөлтөд оршуулгын газрын асуудал тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн. Нийслэл хотыг тойрсон 15 оршуулгын газар байна. Нийслэл хотод жилд дунджаар 50-60 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж байна. Нийслэлийн иргэдийн хувьд тэр тусмаа оршуулгын газрын орчинд амьдарч буй иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрахад ундны уснаас эхлээд олон асуудлууд тулгамдаж байгаа.
Хөрсний бохирдол, хөрсний доройтолд орсон хүнд элементүүдийг ялгаруулж иргэдийн хувьд аюул үүсгээд байгаа оршуулгын газрын орчныг сайруулж эрүүл орчныг бүрдүүлэхээр Нью Семетри ХХК-тай хамтран ажиллалаа.
Цаашид ч хотыг тойрсон оршуулгын газруудын стандартыг сайжруулах, шинээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд эдгээр газруудыг хамруулж, үлдэж буй үр хүүхдүүдийнх нь санал санаачилгыг сонсож хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Удахгүй хууль журмын хүрээнд оршуулгатай холбоотой асуудал яригдаж эхэлж байна. Тэгэхээр оршуулгатай холбоотой хууль журмыг аль болох амьдралд нийцсэн мөн олон улсын стандартад нийцсэн байхад анхаарч боловсруулан ажиллаж байна.
Нью Семетри ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа:
-Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах төсөл маань төр, хувийн хэвшил, шашны байгууллага, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоо бүхий л талыг хамруулсан сайн жишгийг тогтоосон төсөл боллоо. Төслийг хэрэгжүүлснээр Нийслэл хотын өнгө үзэмж нэмэгдэхээс гадна ногоон байгууламжийн тоо хэмжээ нэмэгдсэнээр иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм.
Төслийн бүхий л үе шатанд бид нээлттэй байх зарчмыг баримталсан. Ингэснээр бүхий л шатанд иргэд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэн эхний ээлжийн 2га тохижуулан төслийнхөө хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлж албан ёсоор нээж байна.
Төслийг санаа байхаас нь эхлүүлээд хөрсөн дээр буух хүртэл нь бодитой ажил хэрэг болох хүртэл биднийг дэмжиж хамтран ажилласан, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад чин сэтгэлийн хандив өргөсөн хувь хүн, албан байгууллага, бурхан болоочдынхоо ар гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид төслийн маань бүтээн байгуулалт үргэлжлэх болно.
Сэтгэгдэл (1)