Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголыг 10 дугаар сарын 25-ны лхагва гаригт зохион байгуулахаар товлосон. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалах юм.
Хүүхдийн эрхийн зөрчлийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн бухимдал өндөр байгаа энэ үед Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж, байнгын хороо руу шилжүүлсэн билээ.
2022 онд хүүхэд оролцсон 1540, хүүхэд хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 хүүхэд нас барж, 177 хүүхэд гэр бүлийн, 358 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.