"Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Д.Нямбат "Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл" сэдвээр илтгэл тавьжээ. Прокурорын байгууллагаас 2020-2022 оны нэгдүгээр улирал хүртэл улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой судалгаа хийж, үр дүнг танилцуулсан байна.
Д.Нямбат:
-"Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын судалгааг хийж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хүүхэд хамгаалалтай холбоотой бүлгийн зохицуулалт дээр дүн шинжилгээ хийсэн.
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар бүлэгт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг хуульчилсан байдаг. Үүний онцлог шинж нь "гурав буюу түүнээс дээш удаа зодсон байх" эсхүл "гурав ба түүнээс дээш удаа хэрцгий харьцсан" байхыг заажээ. Гурван удаагийн үйлдлээр хүчирхийлэл үйлдсэн бол дээрх зүйл ангиар зүйлчлэгдэнэ гэсэн үг. Хэрэв нэг, хоёр удаа үйлдэгдсэн байвал Зөрчлийн тухай хуулиар тухайн этгээд нь долоо хоногоос 30 хоног баривчлагддаг. Харин гурав ба түүнээс дээш хүчирхийлэл үйлдвэл Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж, яллагдагчаар татаад шүүх рүү шилжүүлэх зүйл анги байна. Өнгөрсөн хугацаанд хавтаст хэргийн материал уншиж, судлан тоон мэдээлэл цуглуулсан.
Улсын хэмжээнд 2020, 2021 он, 2022 оны нэгдүгээр улиралд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг 21 аймаг, есөн дүүргийн прокурорын архиваас татаж аваад уншиж судалсан" хэмээн гэв.
Гэр бүлийн гомдол мэдээллийн ихэнх хувь нь буюу 73.1 хувь нь нийслэлд, орон нутагт 26.9 хувь нь бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их бүртгэгдсэн байна.
Хүн ам ихтэй, дэд бүтэцтэй ойрхон, суурин газрууд болох Дархан, Өвөрхангай, Хэнтий аймгуудад мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг бусад аймгаас хамгийн их үйлдэгдсэн байна. Нийт хүчирхийлэл үйлдэгчийн 75 орчим хувь нь 26-45 насны хооронд байжээ.
Гэр бүлийн хүчирхийллийг боловсролтой, боловсролгүйгээс үл шалтгаалан ямар ч хүн үйлдэж болно. Магистр, докторын зэрэгтэй буюу дээд боловсролтой байх нь хамаагүй эсвэл огт бичиг үсэг мэдэхгүй, хөдөөгийн малчин байна уу ялгаагүй байгаа нь судалгааны үр дүнгээс харагджээ. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхэп боловсрол хамаагүй юм байна.
Энэ тухай прокурор Д.Нямбат:
-"Нийгмээс суралцах онол гэж бий. Хүн 12 жилийн бүрэн дунд боловсролтой болоод, дахиад дөрвөн жилийн дээд боловсрол эзэмших хугацаа нь хуулийг сахин биелүүлдэг хүн болгож төлөвшүүлдэг гэх олон улсын судалгаа байдаг. Иймд манай улсын боловсролын байдалтай хамааралтай байж магадгүй юм байна гээд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэл нь боловсролын түвшингээс үл шалтгаалдаг байна. Ялангуяа таван шүүгдэгч тутмын нэг нь дээд боловсролтой байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувьд бүрэн дунд, дээд боловсролтой хүмүүс зонхилж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 58.8 хувийг эзэлж байсан.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчоор тогтоогдсон нөхцөл байдлыг авч үзвэл нийт хохирогчийн 96.6 хувь нь эмэгтэй хүн байна" гэв.
Судалгааны дүгнэлт:
- Гэр бүлийн хүчирхийллийн таван эрүүгийн хэрэг тутмын дөрөв нь хүчирхийлэгч, хохирогчийн гэрт үйлдэгддэг бөгөөд эдгээр нь эхнэр, нөхөр хамтран амьдрагч, дагавар хүүхдийн харилцаатай гэр бүлийн цөөн хүмүүсийн хүрээнд хаалттай хаалганы цаана үйлдэгддэг.
- Хүүхдийн хүйсийн ялгаатай байдал нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хамааралгүй, аль ч хүйсийн хүүхэд хүчирхийлэлд өртдөг.
- Гэр бүлийн хүчирхийлэл нь нэг эмэгтэй, эсвэл нэг хүүхэд рүү чиглэдэггүй гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан хүүхдүүд бүгд өртдөг.
- Насанд хүрээгүй хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилдэггүй.
- Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй боловч гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийн шинжтэй хохирогчоор тогтоогдвол зохих 65.9 хувийг орхигдуулсан.