Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хүнд гэмтсэний улмаас Турк улсад эмчлүүлж байсан гурван настай Ц.Батзаяа хүү нас баржээ.
Хүүгийн төрсөн аав, авга ах нь элэг нэгт монголчууддаа хандан тусламж гуйж, хандив цуглуулснаар гурван удаагийн хагалгаанд орсон боловч хүүгийн амийг аварч чадсангүй.
Хэргийг сануулахад, 2023 оны гуравдугаар сарын 06-07-нд 3 настай хүүг ээжийнх нь хамтран амьдаргч Ц.Энхбилэг гэгч зодож хүндээр гэмтээсэн. Тухайн үед хүү зургаан настай ах болон хойд эцгийн хамт гэртээ үлдсэн, ээж нь эзгүй байжээ.
Цагдаагийн байгууллагаас иргэн Ц.Энхбилэгийн үйлдэлд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Уг хэрэгт шалгагдаж буй Ц.Энхбилэгт бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс есөн жил хорих ял шийтгэсэн боловч шүүгдэгч шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)