Олноо "Авилга хороолол" хэмээн алдаршсан "Aqua Garden" хотхны хоёр блокийг албадан нураах захирамжийг хотын дарга Д.Сумьяабазар өнгөрөгч наймдугаар сард гаргасан.
Тус хорооллыг голын ай сав газрын хамгаалалтын бүсэд барьсан нь уг шийдвэрийг гаргахад хүрсэн бөгөөд өнгөрөгч долдугаар сард наадмын өдрүүдэд орсон устай борооны улмаас уг хороолол усанд автаж, нийслэл тэр чигээрээ үерийн голомж болсон билээ.
Гэвч барилгын гүйцэтгэгч болох "Эм энд Жи констракшн" компани хотын даргын захирамжийг Захиргааны хэргийн шүүхэд өгснөөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнөөдөр хуралдаж, уг захирамжийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Мөн "Aqua Garden"-ийг албадан нураах захирамж гарсны дараа ч барилгын ажил хэвийн үргэлжилж, гадна фасадаа хийж байгаа тухай хэвлэлүүд тасралтгүй мэдээлсээр байгаа.