Хүйтний улирал эхлэхээр томуугийн дэгдэлт ихэсч, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Эмч мэргэжилтнүүд иргэдийг яг өдийд томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөдөг.
Энэ жил БНСУ-ын "Грийн кросс" үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч, дархлаажуулалтыг аравдугаар сарын 11-нээс эхлүүлээд байна.
Бид томуугийн эсрэг дархлаажуулалтын талаар Баянгол дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-ийн Их эмч Б.Долгормаагаас тодрууллаа.
-Танай өрхийн эмнэлэгт ханиад, томуу туссан хүн хэр их хандаж байна вэ?
-Энэ намрын хувьд гэдэсний ханиад амьсгалын замын халдвартай хавсарч зонхилон тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, ханиах, гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа юм. Улирлын солигдол, дээр нь хичээл, сургууль эхэлсэнтэй уялдаад гүйлгэлт, суулгалт хавсарсан ханиад гадуур их байна. Томуугийн дэгдэлт ч эхэлж, үүнтэй холбоотой үзлэгийн ачаалал ч нэмэгдэх хандлагатай байна.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БНСУ-ын "Грийн кросс" үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг дөрвөн цэнт вакциныг манай өрхийн эмнэлэг өчигдрөөс хийж эхлээд байна.
-Томуугийн эсрэг дархлаажуулалтад хэн багтах вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр тараагдаж буй томуугийн эсрэг вакциныг зорилтот бүлэг, 65-аас дээш насны ахмадууд, 2-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдад зайлшгүй заалтаар үнэ төлбөргүй хийдэг.
Бидний хувьд 2-5 насны, өвчлөмтгий хүүхэд болон амьжиргааны түвшин доогуур иргэдийг заавал хамруулах чиглэл барьж байна.
-Сайн дураараа вакцинд хамрагдах хүн байвал Өрхийн эмнэлэгтээ хандаж болох уу?
-Сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд өмнөх жилүүдийн адил ХӨСҮТ болон хувийн эмнэлгүүдэл ханлаж, төлбөрөө төлөөд хийлгэх боломжтой.
-Томуугийн вакциныг хийлгэхээс өмнө юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Архаг хууч өвчтэй, эсхүл халуурч, бие нь тавгүй байгаа бол эмчид үзүүлж вакцин хийлгэх эсэхээ лавлана. Өмнө нь вакцин, био бэлдмэлээс харшилж байсан, мөн ханиад шуухниатай тохиолдолд хориглох заалттай. Тодруулбал, энэхүү вакцин нь томууг идэвхгүйжүүлсэн вакцин учраас хэрэв тухайн хүн ханиадтай байвал хүндрэх, улмаар ханиалга ихсэх эрсдэлтэй. Ийм учраас яг л эрүүл гэсэн иргэнд дархлаажуулалт хийгдэнэ.
Ялангуяа эцэг, эх, асран хамгаалагчдад нэг зүйлийг анхааруулъя. Хүүхдээ нус гоожсон, ханиасан үед нь вакцин хийлгэе гээд зүтгээд байдгаа болих хэрэгтэй. Ханиад томуутай, ханиад нь гүйцэд эдгээгүй үед та болон таны хүүхэд томуугийн вакцин хийлгэвэл дараа нь гарах үр дүн буурах болоод ханиад, томуу хүндрэх эрсдэлтэй.
-Томуугийн вакцин хийлгэснээс хойш хэдий хэр хугацаанд дархлаа тогтдог вэ?
-Тухайн вакциныг хийлгэснээс хойш нэг сарын дотор дархлаа тогтоно гэж үздэг.
-Өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгт очиж, томуугийн вакцин хийж байсан. Энэ жил яах бол?
-Өмнөх жилүүдэд сургууль, цэцэрлэгээр хийгдэж байсан ч энэ жилийн хувьд тийм чиглэл ирээгүй байна.
-Дархлаажуулалтад хамрагдсанаар ханиад, томуугаар өвчлөх эрсдэлээс хэр сэргийлж чадаж байна вэ?
-Өмнөх жилүүдийн вакцин хийлгэсэн хүмүүст томуу арай бага хүрч буй судалгаа бий.