БНСУ -ын Улсан хот дахь “Дулаан гар олон улсын хөгжлийн төв” ТББ-аас санал тавьсны дагуу 2022 оны 12 дугаар сарын 07- ны өдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус байгууллагын Нарийн бичгийн дарга Бэг Жүн Монтай 3 жилийн хугацаанд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан.
Тэгвэл дээрх санамж бичгийн хүрээнд өнөөдөр (2023.04.03) тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Баг Мүг Ю, Нарийн бичгийн дарга Бэг Жон Хён, Монгол дахь Солонгос иргэдийн нарийн бичгийн дарга Юн Жэ Гён болон тус байгууллагын төлөөлөгчид Баянгол дүүрэгт зочилж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Баянгол дүүргээс хоёр байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах, өргөжүүлэхэд бүхий л талаараа дэмжин ажиллахаас гадна дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж байгаад дүүргийн удирдлагын болон нийт иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм.
Уулзалтын дараа тус төрийн бус байгууллагын төлөөлөгчид дүүргийн Ахмадын хөгжлийн ордон, Биеийн тамир, спортын ордон, Хүүхэд залуучуудын соёлын ордонд ажиллалаа. Мөн тус байгууллагаас дөрөвдүгээр сарын 07-ны өдөр дүүргийн 9 дүгээр хорооны дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа нэгэн өрхөд гэр өгөхөөр боллоо.
Ташрамд мэдээлэхэд, “Дулаан гар олон улсын хөгжлийн төв” ТББ -ын төв нь Улсан хотод байрладаг бөгөөд Сенегал болон Монгол дахь салбар байгууллагуудаараа дамжуулан хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага юм.