Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр улсын сангуудын талаар "Монгол Улсад нийт 25 сан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 10 орчим нь улсын төсвөөс санхүүждэг. Цаашид сангуудыг ямар загвараар авч явах нь зөв бэ гэдэг шийдэл гаргах үүрэг авсан. БЗС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь журам, гэрээний үндсэн дээр чөлөөлөгдөх нөхцөлтэй. Эргэн төлөгдөхгүй байх нөхцөлтэй. Бусад сан тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгогддог, барьцаа хөрөнгө шаарддаг, эргээд хугацаандаа төлдөг онцлогтой. Сангууд нь иргэдэд илүү өгөөжтэй байх нөхцөл боломжийг төвлөрч ярих нь зүйтэй гэж үзэж байгаа" гэлээ.
Мөн тэрээр "УИХ-ын гишүүдийг ард түмэн дарга гээд хүлээгээд авчихсан. Нэр дэвшиж сонгогдож орж байгаа хүмүүс ч өөрсдийгөө том дарга гэж боддог. Энэ хандлагаас болоод өнөөдрийн нөхцөл байдал бий болсон гэж дүгнэж байна. УИХ-ын гишүүд зээл авсан бол төлөх л ёстой. Зээлийг төлүүлэх чиглэлд Засгийн газар бодлого барьж ажиллана. БЗС-гийн зээлийн асуудалд холбогдсон МАН-ын гишүүдэд анхааруулга, сануулга өгнө. Боловсролын системд ялгаа заагтай байдлыг хална" гэсэн юм.