Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь жирийн дэглэмтэй 425 дугаар ангийн хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөж, өөрийгөө ч хорлосон онц ноцтой хэрэг өчигдөр гарчээ. Аймгийн Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өчигдөр 09:50 цагт ирсэн байна. Цагдаа нар хэргийн газарт очиход 30 гаруй насны эмэгтэй хутгалуулж, мөн ийм насны эрэгтэй боомилсон байдалтай нас барсан байжээ.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагийн орчимд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн учир прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө” гэв.
Энэ талаар Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын ажилтантай холбогдож тодрууллаа.
-Хэргийн талаар тодруулахгүй юу?
-Ийм хэрэг гарсан нь үнэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар хорих ангийн эргэлт уулзалтын байранд эргэлтээр ирсэн эмэгтэй, түүний нөхөр болох ял эдэлж байсан эрэгтэй нас барсан дуудлага өчигдөр 09:50 цагт ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-Ийм ноцтой хэрэг юунаас болж гарав. Урьдчилсан байдлаар тогтоогдсон уу?
-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Тэгвэл энэ хэрэгт хэн нэгнийг холбогдуулж шалгаж байгаа юу, цагдан хорьсон уу?
-Хэн нэгнийг холбогдуулж, цагдан хорьсон асуудал байхгүй.
Хэргийн талаар орон нутгийн нэрээ нууцалсан нэгэн иргэнээс тодруулж, дараах мэдээллийг авлаа.
-Танай аймгийн Хорих ангийн байранд хоёр хүн нас барсан ноцтой хэрэг гарсан байна. Дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?
-Хэрэг 425 дугаар хорих ангийн эргэлтийн байранд болсон юм байна. Хүн нас барсныг өглөө /өчигдөр/ хорих ангийн харуул хамгаалалтынхан мэдсэн юм билээ. Нөхөр нь эргэлтээр ирсэн эхнэрээ хутгалж хөнөөгөөд, өөрөө дараа нь боомилж амиа хорлосон юм байна. Харуул хамгаалалтынхан ороход тэр хүмүүс аль хэдийнэ нас барчихсан байсан учраас Шүүх шинжилгээний газарт хүргэсэн. Тэд 30 гаруй насны залуухан хүмүүс байж.
-Хорих ангийн хяналттай байранд эхнэрээ хөнөөнө гэдэг ямар ноцтой юм бэ. Шалтгаан нөхцөл юу байсан юм бол?
-24 цагийн харуул хамгаалалттай газарт архи согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй. Тиймээс архидан согтуурч нэгнийгээ алсан гэж үзэх боломжгүй. Мэдээж гэр бүлийн маргаан л байсан болов уу.
-24 цагийн харуул хамгаалалтынхан ийм ноцтой хэргийг мэдээгүй байжээ?
-Тийм л бололтой. Хэрэг бол шөнө нэг, хоёр цагийн үед гарсан бололтой. Өглөө ажил эхэлсний дараа харуул хамгаалалтын хүмүүс эргэлтийн байранд орж юу болсныг мэдсэн. Нэг ёсондоо харуул хамгаалалт муу байсан гэсэн үг. Мэдээж хүний амь хөнөөж байхад амь тавьж чарлаж орилж таарна. Түүнийг мэдээгүй, бүхэл бүтэн хоёр хүний амь хорих ангийн хамгаалалттай байранд хохирно гэдэг ноцтой явдал.
-Хэрэгтэн ямар хэргээр ял эдэлж байсан юм бол?
-Хэрэгтэн Говьсүмбэр аймгийн харьяат юм байна. Чухам ямар хэргээр суусан нь тодорхойгүй байна. Хорих 425 дугаар анги бол жирийн дэглэмтэй хорих анги. 300-400 хоригдол хүлээн авах чадалтай. Ер нь чангаас жирийн дэглэм рүү шилжээд, наранд гарахад ойртсон хүмүүс л голдуу байдаг.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (2)