Боловсролын зээлийн сангийн асуудлаар БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл өглөө.
Учир нь хэд хоногийн өмнө Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал БЗС-ийн талаар мэдээлэл хийж "Бусдын боломжийг хулгайлсан 363 тэрбум төгрөгийн зээл нь тэтгэлэг биш! БЗС-гаас олгосон зээлийн 90 гаруй хувийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан" гэж шүгэл үлээсэн билээ.
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан "БЗС-гаас зээл авсан 232 хүүхдийн нэрийг өмнө нь зарласан. Удахгүй бүх хүмүүсийн гэрээг ил болгоно. Зээлээс чөлөөлөгдсөн хүмүүсийн мэдээллийг шалгаж, тухайн чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр нь хуульд нийцэж буй эсэхийг тодорхой болгоно.
Өнгөрсөн хугацаанд БЗС-гийн санхүүжилтээр 2,000 гаруй хүүхэд гадаадын бакалавр, магистрын түвшинд суралцсан гэх тоон мэдээлэл бий. Тус сангаас 1992 оноос хойш 230 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн сонгон шалгаруулалтад орсон 2,000 орчим хүүхдийн бараг 90 хувь нь өндөр албан тушаалтнуудын хүүхэд байгааг О.Батнайрамдал хэлсэн. Энэ мэдээллийг хамтдаа шалгана.
Зээл авчихаад өөр сургуульд сурсан олон хүүхэд байна. Гэрээнийхээ дагуу сонгогдсон сургуульдаа сурах ёстой. Тус сангийн зээлээр гадаадад суралцсан хүүхдүүдийн сонгон шалгаруулалт ил тод явагдсан эсэх, шаардлагаа биелүүлж чадсан, үгүйг шалгах хэрэгтэй. Зээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүд яг шударгаар чөлөөлөгдөж, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн эсэхийг шалгаад ил тод болгоно" гэв.
Мөн нийтэд ил болоод байгаа гишүүдийн хүүхдүүдийн зээлийн талаар "Шилэн болсон мэдээллийг улс төрийн зорилгоор ашиглаж, улстөрчдийн болоод УИХ-ын гишүүд, хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаа хүний нэр хүндэд халдаж байна.
Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүүхэд Боловсролын зээлийн сангаас зээл авсан нь үнэн. Түүний хувьд хиймэл оюуны чиглэлээр суралцсан юм билээ. Монгол Улсдаа хиймэл оюун ухааны чиглэлээр ирж ажиллаад, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд чөлөөлөгдсөн юм байна.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хүүхэд зээлээр биш, тэтгэлгээр суралцсан юм байна. Тэтгэлэгт олон улсын болон дэлхийн олимпиадад алт, мөнгөн медаль авсан хүүхдийг хамруулдаг. Ингэхдээ тухайн хүүхдийг урилга ирсэн сургууль руу нь явуулдаг зохицуулалттай.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хүүхэд зэрэг нь аав ээж нь хэн байхаас үл шалтгаалан дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэж, явж байсан юм байна лээ" гэв.