Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн зээлээр гадаадад суралцсан хүмүүсийн мэдээлэл, тэдний гэрээг нийтэд ил болгохоо Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан зарлаад байгаа.
Өнгөрсөн хугацаанд БЗС-гаас нэг их наяд төгрөгийн зээл гарчээ. Сангаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл, тэдний гэрээг нээлттэй болгох, уг асуудлаар маргааш өглөө тайлбар өгөхөөр зарлаад байсан ч чуулганы нэгдсэн хуралдаан, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёругаар хэлэлцүүлэгтэй давхацсан учраас болж хойшилсон билээ.
Өнгөрсөн хугацаанд ил болоод байгаа баримтуудаас үзэхэд БЗС-гийн мэдээлэл нь энгийн иргэдэд хүрдэггүй, өндөр албан тушаалтнууд, улс төрд нөлөө бүхий эрхмүүд өөрсдөө авч ашиглаж ирсэн тодорхой болсон юм. Энэ асуудлаар эх сурвалжуудад дараах байр суурийг хэлсэн байна.
Боловсролын Зээлийн Сангийн асуудлаар хэн, юу хэлэв?
Уул, уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал: БЗС-гаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн 90 гаруй хувийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан.
БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж асан Доктор О.Сийлэгмаа: БЗС-гийн санхүүжилт, зээлийн авлагын 90 гаруй хувийг гадаадад суралцагчдад зарцуулж, дотоодод зээлээр суралцсан иргэд зээлээ эргэн төлж Монголбанкны мэдээллийн санд зээлдэгчээр бүртгэх зохицуулалттай. Гэтэл гадаадад БЗС-гийн санхүүжилтээр суралцах тухай мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Мэдээлэлд ойр байдаг төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг хязгаарлагдмал хүрээтэй.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан: БЗС-гаас зээл авсан 232 хүүхдийн нэрийг өмнө нь зарласан. Удахгүй бүх хүмүүсийн гэрээг ил болгоно. Зээлээс чөлөөлөгдсөн хүмүүсийн мэдээллийг шалгаж, тухайн чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр нь хуульд нийцэж буй эсэхийг тодорхой болгоно.
Өнгөрсөн хугацаанд БЗС-гийн санхүүжилтээр 2,000 гаруй хүүхэд гадаадын бакалавр, магистрын түвшинд суралцсан гэх тоон мэдээлэл бий. Тус сангаас 1992 оноос хойш 230 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн сонгон шалгаруулалтад орсон 2,000 орчим хүүхдийн бараг 90 хувь нь өндөр албан тушаалтнуудын хүүхэд байгааг О.Батнайрамдал хэлсэн. Энэ мэдээллийг хамтдаа шалгана.
Зээл авчихаад өөр сургуульд сурсан олон хүүхэд байна. Гэрээнийхээ дагуу сонгогдсон сургуульдаа сурах ёстой. Тус сангийн зээлээр гадаадад суралцсан хүүхдүүдийн сонгон шалгаруулалт ил тод явагдсан эсэх, шаардлагаа биелүүлж чадсан, үгүйг шалгах хэрэгтэй. Зээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүд яг шударгаар чөлөөлөгдөж, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн эсэхийг шалгаад тодорхой болбол энэ асуудал ил тод болгоно.
Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны дарга Д.Гарди: Тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаад, эзэмшсэн мэргэжлээрээ таван жил эх орондоо ажилласан хүнийг хууль тогтоомжийн дагуу боловсролын зээлээс чөлөөлдөг.
Өөрөөр хэлбэл, эзэмшсэн мэргэжлээрээ төрийн болон төсөвт байгууллагад таван жил ажиллаж, өөрийнхөө мэдлэг чадвараар салбартаа хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслэж зээлийг чөлөөлөлтийг БШУЯ хийдэг юм байна.