Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүдтэй нийслэлийн зарим албан тушаалтнууд “Асуудал шийдэл” хэмээх хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Энэ үеэр харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг хэлэлцэж, тусгай хэрэгцээт иргэдийн байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм.
Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал нь зорчих хөдөлгөөн байдаг.
Тухайлбал, явган болон нийтийн тээврээр зорчиход хүндрэл, бэрхшээлүүдтэй тулгардаг, энэ нь өдөр тутмынх нь амьдрал, ажилд нөлөөлж байгааг хэллээ.
Явган хүний зам чиглүүлэгч хавтангүй, байсан ч энэ нь стандартын бус, халтирдаг тул үүнийг шийдэхэд анхаарах хүсэлтийг гаргав.
Мөн явган хүний зам дээр шон, мод байдаг нь тэдний зорчих хөдөлгөөнд саад учруулдаг, цаашлаад эрүүл мэнд, аюулгүй байдалд нь ч нөлөөлдөг.
Гудамж, зам, нийтийн эзэмшлийн талбайд тогтсон шалбааг, тогтоол ус, замын энхэл донхол ч тэдний зорчих хөдөлгөөнийг ч хязгаарлаж байгаа юм.
Нийтийн тээврээр зорчиход автобусны буудлаа зарладаггүйгээс төөрөх тохиолдол олон гардгийг тэд хэлэв.
Одоо тулгамдаж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэх, цаашид зам талбайн тохижилт, засвар хийх, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч мэдэгдлээ.
Харааны бэрхшээлтэй иргэд олноор ажиллаж, амьдардаг МХҮХ-ны байрны гадна талбайн ногоон байгууламж, тохижилтын ажлыг нийслэлээс гүйцэтгэх юм байна.
Нийтийн тээврээр болон явган зорчиход хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахад авч буй арга хэмжээний талаар Нийслэлийн Нийтийн тээврийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар “Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаа. Энэ хүрээнд оруулж ирж буй автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд таатай зорчих нөхцөл бүрдүүлсэн стандарттай.
Автобусны буудлыг тогтмол зарлаж байх шаардлагыг жолооч нарт тавьж ажиллаж байна. Автобусны буудал дээр ирж буй тээврийн хэрэгсэл аль чиглэлийнх болохыг зарлах боломжийн талаар судалгаа хийж буй” гэв.
Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн "Зам, талбайг засаж шинэчлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг зорьж байгаа"-гаа хэлсэн юм.