Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна.
Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм.
Энэ үеэр Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга О.Тэмүүжин "Манайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж зэрэг 300 гаруй байгууллага мод тарих хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу найман байршилдаа хувааж, мод тарих ажлыг зохион байгуулж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд тарьсан моднуудынхаа арчилгааг хийхэд анхаарч байгаа. Тухайлбал, хоёр байршилд зөвхөн арчилгаа буюу нөхөн тарилт, усалгаа, арчилгаа, тухайн орчны хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажил хийж байна. Одоогийн байдлаар 50 мянга гаруй мод, бут тарьсан урьдчилсан мэдээлэл бий хэмээлээ.
Модыг тариад орхих биш, арчилгаа, хамгаалалт маш чухал. Өнгөрсөн жил тарьсан моднуудын ургалт 90 гаруй хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд 34 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулснаас гадна нийт 1.3 сая мод, бут тарьсан юм.
Хан-Уул дүүргийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Айцын даваа орчмын 100 га талбайг ойжуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн.
Тус дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Дүүрэг талбайн зураг төсвийг батлуулж, арчлалт хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллаж байгаа. Талбайг хашаалж, харуул хамгаалалт, мэргэжлийн хүмүүс ажиллуулж, усалгааны систем зэргийг шийдсэн. 2022 онд найман га талбайд 7883 тарьц, суулгац тарьсан нь 90-95 хувьтай ургаж байгаа” гэв.